ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайд аа, сайд нар чинь галзуурчихсан байна

O.Admin
2 цагийн өмнө

Өчигдөр 16.00 цагаас эхэлж, шөнөжин хуралдах гэж ирцээ бүрдэхийг хүлээсэн УИХ-ын чуулганы ирц өнөөдөр өглөө бүрдлээ. Улмаар, чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлээд байна.  Горимын санал байхгүй бөгөөд УИХ-ын 44 гишүүн асуулт асууж, үг хэлнэ. Санал хураалтыг хуулийн хугацаанд багтаж 12.30 цагт явуулна.

Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар Ерөнхий сайдаараа үлдэх эсэх нь шийдэгдэх юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Э.Болормаа: Эрхэм Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд та бүхэн сайхан амарсан уу. Сайхан амарсан шинжтэй харагдаж байна аа. Өчигдөр үнэхээр гутмаар байлаа. Өөрийн намын ах нартай ч гутаж байна. Сөрөг хүчний гишүүдэдээ гутарч байна. одоо асуудлаа шийдээд гадаа жагсаж байгаа иргэдийнхээ шийдэл асуудал руу орцгооё. Албан тушаалаас буухаас үхтлээ айсан ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс л өчигдөр чуулгандаа суусангүй. Дарамт, шантаажинд өртчихсөн хүмүүс мөн ирсэнгүй.

Өргөсөн тангаргынхаа дагуу үүргээ гүйцэтгэх чадамжгүй болсон гишүүд орж ирсэнгүй ээ.  Ямар азаар 126 гишүүнтэй болсон юм бэ. Өмнө 76-тай байхдаа ямар байсан юм бол гэдэг бодол төрлөө. Олон нийт шөнөжин харсан байх. Хямарсан олон хүн байгаа байх. Одоо засаж сайжруулаад явна гэдэгт итгэлтэй байна. Энэ хүмүүс шөнөжин унтаж байгаад өглөө босож ирээд ганц эмэгтэй хүн рүү дайрцгаая гэж шийджээ.

УИХ-ын гишүүн Б.Тулга: Яг 24 цаг боллоо. Эрэмбийн асуудалд энд алдагджээ. Ард түмнийхээ эрх ашгийг яагаад нэгдүгээрт тавьдаггүй юм бэ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Сайд нар чинь галзуурчихсан байна, Ерөнхий сайд аа. Багш нар жагсана гэхээр шүүх дээр уулзана гэж айлгадаг. Шатахуун тасарчээ гэхээр тагнуул, цагдаад өгнө гэж айлгадаг. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээ эмнэлгээр явуулаач. Ахмадууд чинь аппликейшны зээл авч эрүүл мэндийн үйлчилгээ авч байна. Боловсрол, эрүүл мэндийн асуудлаа эхэнд тавихгүй юм уу.

Нэг нь нүүрсчин, нөгөө нь нүүрсчин биш. Та нар бүгд нүүрсчин. Та нарын түүх бол тэр чигтээ нүүрсний хулгайн түүх. Танай нам бол нүүрсний хулгайн нам. Энэ төрийн гурван индрийг дүүргэсэн хүмүүс чинь хулгай дээрэм болж харагддаг.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Би чинь та нарыг туршлагатай гэж бодож суралцах гэж хичээдэг байлаа. Зөндөө хамтарч ажиллаж, уулзаж ярилцсан даа. Та нарын цаг хугацааны хэмжүүр юугаар явдаг юм бэ. Өөрсдөдөө чухал болонгуут цаг хугацаа давчуу яараад байна гэдэг, чухал биш болохоор таг гацаагаад алга болчих юм. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг сайд нартай адилхан байр суурь илэрхийлээд эндээс орилоод сууж байна. Уг нь та төсвийн асуудлаар сайд нарт шүүмжлэлтэй хандаад, Засгийн газраа шүүмжлээд сууж байх ёстой хүн. Хамтдаа нэг талдаа гарчихсан. Яагаад ингэж давах ёсгүй хязгаараа давж, улаан шугамаар гишгэдэг юм бэ.

Шинээр сонгогдсон гээд байгаа юм. Бид та нартай адилхан мэдлэг боловсрол, туршлагатай хүмүүс шүү. Та нарын энэ увайгүй үйлдлийг хараад жигшдэг шүү. Манай зарим гишүүдийн зүгээс цалин тэтгэвэр нэмэх шийдвэр гаргахдаа дахин акц хийж бүлгийн даргыг сольж, хүмүүсийн цалингаар улс төрийн акц хийсэн. Дээд шүүхийн асуудлаар мөн улс төрийн акц хийж байлаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Оюутолгойн асуудлыг шийдэхийн тулд Төрийн ордонд 48 цаг хүлээсэн ч хамаа алга. Өдөр бүр сануулсан ч яах вэ. 12 сарын 31 хүртэл бид шийд гаргаж чадах эсэхийг харъя. Монгол Улсын эрх ашиг дээр нам хамаагүй нэгдэх ёстой. Хэн яаж хөдлөхийг бүгд харцгаая. Эрэмбийн асуудлаа та нар мартчихаж. Ард түмний эрх ашгийг яагаад нэгдүгээрт тавьж болдоггүй юм бэ.

Ард түмэн та нарын сандал суудлаас шал өөр зүйл хүсэж байгаа шүү. Сандал суудлаа авч үлдэхийн тулд хуулийг өөрт ашигтайгаар тайлбарласан шигээ Оюутолгой дээр хэн юу гэж хэлэх нь үү, хэн ямар шийдвэр гаргахыг харцгаая. Бидний батлах гэж байгаа төсөв 33 их наядын орлоготой. Оюутолгойн зээл дээр бид энэ мөнгөнөөс хоёр дахин их мөнгө ярьж байгаа шүү. Ямар асуудлаар яаж гүрийж хэдэн цагаар хуралдаж болдгийг харлаа.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Өчигдөр өглөөнөөс хойш хамтдаа хүлээсэн 61 гишүүндээ баярлалаа. Ирээгүй нь цагаа ч барьж чадахгүй, ажилдаа ч ирэхгүй, өргөсөн тангаргаа ч мартчихдаг аж. Томилогдох болохоор 28 цаг бүгдийг сайхан болгоно, бүгдийг шийднэ гэж ярьж байгаад үүрээр томилогдоод явдаг.

Байнгын хороон дээр ажлыг чинь үргэлжлүүлээд хийлгэе ээ, та нар ирээд тайлбараа өгөөч гэхээр ирдэггүй юм байна. Би хууль тогтоох засаглалд ороод нэг жил боллоо. Би Монгол Улсыг хөгжинө гэж итгэдэг. Залуус итгэж байгаа. Ийм олон жил давхар дээл өмсөж, хэдэн удаа та нар сайд хийсэн бэ. Сүүлийн хоёр долоо хоног шалтаг ярилаа.

Шийдэл ярьсангүй. Гутарч байна. Сарын өмнө цалин нэмэх боломжгүй гэж байсан Засгийн газар одоо урсгал зардлаа 10 хувь танаж, тэвчээд цалин нэмэх боломжтой гэж байна. Сэнтийдээ ямар их хайртай юм. Багш, эмч нар тэвчиж ирсэн шүү. Ах нар ирцэнд битгий ор гэж тал, талаас залгалаа. Ичих хэрэгтэй шүү та нар.