ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тэрбишдагва: Стандарт бус Засгийн газар байгуулж, зориуд луйврын гэрээ байгуулсан

O.Admin
12 цагийн өмнө

Оюутолгойн гэрээ тойрсон асуудлыг ил тод болгох, тус гэрээнд Монголын эрх ашгийг хангуулах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо энэ асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж, өнөөдөр гуравдахь өдрөө хэлэлцэх гэж байна.

Нийт 300 гаруй гэрч дуудсан уг сонсголын хоёрдахь өдрийн гол сэдэв нь 2009 оны аравдугаар сарын 06-нд УИХ-аар танилцуулж, Засгийн газраас эцэслэн баталсан Хөрөнгө оруулагчдын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ хуульд нийцсэн эсэх, үр дүн хэрэгжилт ямар байсан тухай асуудал байв. Тэгвэл энэ үеэр тус хоёр гэрээг батлахдаа ТЭЗҮ-гүй буюу санхүүгийн үр ашгийг тооцох боломжгүй байсан Эрдэс баялгийн зөвлөл нөөцийг батлаагүй байсан гэх асуудал хөндөгдөв. Энэ дагуу гишүүдийн дунд дараах асуулт, хариулт өрнөв. 

УИХ-ын гишүүн П.Ганзориг: Шинжээчийн дүгнэлттэй холбоотой гурван асуулт байна. Эдийн засгийн байнгын хороогоор Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчийн гэрээг хэлэлцэж байх үед ТЭЗҮ батлагдаагүй, нарийн танилцаагүй учраас тодорхой санал гаргах боломжгүй гэдгийг олон гишүүд хэлж байсныг шинжээчийн тэмдэглэлээс харлаа. ТЭЗҮ-тэй нарийн танилцаагүй тохиолдолд төслийн үр ашгийг тооцоход санал өгөх бололцоо хэр байсан бэ.

Яаж санал дүгнэлтээ өгсөн юм бэ. Хувь нийлүүлэгчийн гэрээг өнөөдөр нууцад авчихсан. Тэнд маш олон асуудал бий. Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэх, тэрийг хянах заалтууд байх ёстой. Санхүүгийн тайлангийн бүх асуудал тэнд байгаа. Оюутолгойн төслийн санхүүгийн тайланг олон улсын аудитаар баталчихаад байхад Төсвийн байнгын хороонд нууцын зэрэгтэй орж ирдэг. Хэлэлцэж чадахгүй. Энийг яагаад нууцад авсан юм бэ.

С.Баярцогт сайд, Б.Энэбиш захирлаас асууя. 34 хувьд ногдох өрөөр санхүүжүүлсэн зээлийн хүүгийн асуудлаас үүдэн бид ногдол ашгаа авч чадахгүй явж байна. 34 хувьд ногдох зардалтай холбоотой манай хариуцах зээлүүд дахиад өсөж байна. Ингэснээр ногдол ашиг авах хугацаа, дүнд нөлөөлсөөр байна. Анхнаасаа зээлийн хүүг тогтоохдоо олон улсын санхүүжилт, ямар нөхцөл байдлыг үндэслэж тогтоосон юм бэ. Зээлжих зэрэглэл, эдийн засгийн нөхцөл байдал гээд ярих байх л даа. Энэ маань Монгол Улсын хүртэх өгөөжид хэрхэн нөлөөлж байгаа талаар тооцоо судалгаа байсан уу?

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва: Их чухал асуудал хэлэлцэж байна. Гэхдээ мордохын хазгай гэдэг шиг энэ гэрээ эхнээсээ буруу болсон. Хууль зөрчсөн стандарт бус Засгийн газар байгуулж, зориуд луйврын гэрээ байгуулсан. Үндсэн хууль зөрчсөн. Хууль бусаар Засгийн газар байгуулсан, хууль бус зүйлс хийсний бодит жишээ бол стандарт бус гэрээ гэдгийг эхнээс нь хэлж байсан, дуу хоолойгоо гаргаж байсан гишүүд ч энд сууж байна. Чиглэл өгсөн хүмүүс нь ч бас сууж байна. Даваасүрэн, Бат-Эрдэнэ, Энхболд гээд олон гишүүд нам үл харгалзан бодит байдлыг үнэнээр нь хэлэх гэж оролдож байсан. Эдийн засгийн байнгын хорооноос маш тодорхой саналууд гаргасан.

Ц.Баярсайхан даргалж, өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын хэсгийг нь ахалж байсан. Миний хувьд ТЭЗҮ дутуу гэдгийг би хэлж байлаа. Тэр үед дутуу юм ярьсан юм болов уу гээд 2018 онд УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаад тэр үед би детальчилж үзэхэд ТЭЗҮ-ийг сүүлд нөхсөн юм билээ. Надад энэ асуудлаар 32 хуудас баримт байгаа шүү. С.Баярцогт шиг чемодан ярьмааргүй байна.

Гэхдээ бодит үнэнийг бодитоор хэлээд, тэр үедээ түүх болж үлдсэн хүмүүс энд сууж байгаа. 2009 оны Их хурлаар буюу 57, 40 дугаар тогтоолууд үнэхээр чухал байсан юм аа. Тогтоол дахин дахин гараад байгаа нь мордохын хазгай гэгчээр тогтоол, чиглэл өгөөд л байхад хуулийг биелүүлэхээс татгалзсаар ирсэн гэсэн үг шүү дээ. УИХ-ын тогтоол гэдэг чинь хууль. Хуулийг биелүүлэх үүрэгтэй ч биелүүлээгүй байгаа юм. Та бүхний энэ ажлыг дэмжиж байна. Гадаадад зангиа зүүгээд явж байгаа хүмүүсийг ч гэсэн авчрах хэрэгтэй. 2009 оны үед Goldman Sachs компанийг зөвлөх үйлчилгээ үзүүлэх санхүүгийн компаниар авсан явдал. Гэтэл энэ компани өөрөө Рио Тинтогийн хувь эзэмшигч компани. Гэтэл Засгийн газар нь зөвлөх компаниар авч байлаа.

Ингээд үзвэл эхнээсээ мордохын хазгай явчихсан юм аа. 57 дугаар тогтоолд маш чухал заалтууд орсон л доо. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд зааснаас өөр нөхцөл тогтоосон. Шинэ төрлийн татвар бий болгосон нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн тухай гэрээгээр өөрчилж, цаашид уг гэрээний дагуу талууд тодорхой хуулийн заалтыг биелүүлэх нөхцлийг бүрдүүлж байна гээд сайн тогтоол гарсан. Түүний дагуу хэлэлцсэн боловч түүнийгээ хэрэгжүүлээгүй. Хурлаар орсон гэж ярьдаг ч тэр үедээ аргалаад өнгөрдөг. Хэлэлцсэн гэж протоколд оруулчихаад дараа нь хэлэлцсэн л гэдэг. Ингэж аргалж өнгөрөөгөөд байгаа юм уу.  

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: ТЭЗҮ-гүй хөрөнгө оруулалтын гэрээг зурчихсан нь асуудал юм. Гэрээ байгуулахдаа батлагдсан ТЭЗҮ-тэй, Эрдэс баялгийн зөвлөл нөөцийг батлах ёстой гэж Ашигт малтмалын тухай хуулийн 30.1.2-т тусгасан байсныг үл тоосон. 29.1.3-т 100 саяас дээш бол Их хурлаар хэлэлцэнэ гэж байдаг. Их хурал хэлэлцэх ёстой.

Энд ямар асуудал үүссэн гэхээр ТЭЗҮ-гүй учраас үр ашгийг тооцох ямар ч боломж байгаагүй. Тэр үед хөрөнгө оруулалтын хэмжээг 4.1, 5.1 гэж хоорондоо маргаж байсан. Одоо яасан 21 тэрбум болчихсон явж байгаа. Дараа нь 2010 оны гуравдугаар сард ТЭЗҮ батлагдсан. Хөрөнгө оруулалтын гэрээнд 57 дугаар тогтоолоор чиглэл өгсөн. ҮАБЗ-д танилцуулаад бас УИХ-аар оруулж ирж танилцуулах үед найман гишүүн эсрэг санал өгсөн байдаг. З.Энхболд, Н.Батбаяр, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр би гээд долоон гишүүн эсрэг санал өгсөн.

Бид долоон гишүүн эсрэг санал өгсөн гэх материал архивт байхгүй болчихсон. Энэ чинь соёрхон баталсан гэрээ мөн юм уу гэж хүмүүс асуугаад байгаа нь аргагүй шүү дээ. Яагаад гэвэл 29.1.3-т 100 саяас дээш бол Их хурлаар хэлэлцэнэ гэж байдаг. Тогтворжуулсан гэрээ мөн юм уу. Их хурлаар хэлэлцсэн юм нь алга болчихсон. Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-аар огт хэлэлцээгүй шүү. Архиваас энэ баримт алга болсон бол эрүүгийн хэрэг мөн шүү. ТЭЗҮ-гүй явснаас болоод өнөөдөр өгч байгаа ашгийг нь хар л даа. Татвар төлөлтийн байдлыг нь хар.

Сүүлийн хоёр жилийг хэлье. 2022 онд 1.2 их наядыг төлсөн бол манай Эрдэнэт 4.3, 2023 онд Оюутолгой 200 сая буюу 7.2 их наядыг төлсөн Эрдэнэт 14 их наядыг төлсөн. Бүх юм нь ороод шүү. Эрдэнэтээс 2,3 дахин бага төлж байгаа биз. Энийг нь хэлэхээр ойлголт муутай байна та нар гэж дөвчигнөсөн хүмүүс. Одоо ч гэсэн ойлголт ярьсаар байгаа биз. Ингэж байгаад зүтгүүлээд батлуулсан. Өнөөдөр үр дагаврыг нь та нарт хэллээ. Эрдэнэтээс 3 дахин бага төлдөг гэрээ хийсэн нь ТЭЗҮ-гүй гэрээний үр дүн юм. Өнөөдөр энэ төсөл чинь 21 тэрбум ам.доллар болсон. 18 тэрбум нь зээл. 13.8 тэрбум нь Рио Тинтогийн зээл. Тэд зээлийн хүүгээр ашгаа олж байна. Бид бүх юмаа оруулаад 200 сая ам.долларын ашиг л хүртсэн. Бүгдийг нь оруулаад харвал энэ бол 400 тэрбум ам.долларын орд шүү. Гэтэл энэ ашиглалтын хугацаанд бидэнд 10 тэрбум ам.доллар л орно гээд бод доо. Нийт ашгийн ердөө тавхан хувь. Бид баялгаа үнэлж чадаагүй. Баялгаа үнэлж хувиа авах ёстой. Бусад орны жишиг ч тийм юм. Наад зах нь Ботсван хүртэл тэгж хийсэн шүү.

УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал: Тухайн үеийн Эдийн засгийн байнгын хорооны дарга Баярсайханаас мөн асуусан. Таныг суудалдаа суух хүртэл Сангийн сайд С.Баярцогт асуултад хариулъя.

Сангийн сайд асан С.Баярцогт: Өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн өдөр. Ардчиллыг дэмждэг нийт монголчуудадаа болон АН-ын гишүүдэдээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Зөндөө юм ярьж байна. Зэрэгцэж сууж байгаад бас зөндөө худлаа ярилаа. Тийм учраас би дандаа баримт цуглуулж, баримттай явдаг юм аа. 2007 онд УИХ-д анх өргөн барьсан гэрээ надад байна. Энэ дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгаа.

Хэрвээ та нарт байхгүй бол би өгөхөд бэлэн байна. 2009 оны хоёрдугаар сард өргөн барьсан дотор дахиад л хоёр гэрээ хоёулаа байгаа. УИХ-ын архивт бүгд байгаа материалууд шүү. УИХ хоёр удаа хэлэлцсэн. Долоо, найман сард хэлэлцсэн. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтэд нийцүүлээд найман сард УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн. Эдийн засгийн тооцоо үндэслэлийг нь бас хавсаргаад мэдүүлсэн. Дараа нь 57 дугаар тогтоолын биелэлт ямар байна гэдгийг харуулсан харьцуулалтыг бас гишүүдэд тараасан нь архивт байгаа.

Дараа нь 40 дүгээр тогтоолын биелэлтийг мөн харьцуулсан УИХ-д бас байгаа. ҮАБЗ хуралдаагүй гэж Д.Дэмбэрэл дарга хэлж байна. Тийм зүйл байхгүй ээ. Нэг биш нэлээд хэд хуралдсан шүү. 2009 оны наймдугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, шинжээчдийн дүгнэлт байгаа. Энд яаж нийцүүлснээ бас УИХ-ын гишүүдэд тараасан. Дараа нь 2009 оны наймдугаар сард өргөн барьсан гэрээ болон есдүгээр сард өргөн барьсан хоёр гэрээг харьцуулсан харьцуулалтыг УИХ-ын гишүүдэд шууд тараасан. Яагаад гэхээр хоёрдугаар сард өргөн барьсан гэрээ нь бараг бие даасан хууль байсан.

Хүчин төгөлдөр үйлчилж байсан маш олон хуультай зөрчилдсөн учраас 57 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр хуульд нийцүүл гэсэн учраас өөрчлөлт оруулаад өргөн барьсан нь архивт байгаа. Хувь нийлүүлэгчийн гэрээ ч хамт л явж байсан. УИХ-ын архивт бүгд байгаа шүү. Дараа нь өөрчлөлтгүй буюу эх хувилбараар нь гишүүдэд монгол, англи хэлээр тараасан. Эдийн засгийн үзүүлэлтийг нь хоёр үнээр харьцуулсан материал бас байна. Аравдугаар сарын 05-ны өмнө олон нийтэд буюу хэвлэлийнхэнд тараасан юм.

Аравдугаар сарын 05-нд ҮАБЗ-д миний өөрөө оруулсан гэрээний материал энд байна. Хүлээн зөвшөөрч байвал зөвлөмж гаргаж өгөөч гэсэн юм. Энэ бүх материал бүгд байгаа шүү. УИХ-ын 2008 оны наймдугаар сарын 19-нөөс 25-ны өдрийн ээлжит бус хуралдаан зөвхөн 57 дугаар тогтоолын биелэлтийг хэлэлцсэн. Үүний бүх протоколыг би энэ номонд хийсэн. Долоон гишүүн эсрэг санал өгч, асуудлыг хэлэлцсэн гэх асуудал огт болоогүй. Хэлэлцсэн асуудал нь гурван хуульд өөрчлөлт оруулах асуудал байсан. Ц.Даваасүрэн гишүүн энэ гурван хуулийг хэлэлцэхэд нэгэн дээр нь долоо, нэгэн дээр нь найм, нөгөө дээр нь есөн гишүүн эсрэг санал өгсөнтэй андуурсан болов уу.