ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Аймгийн Засаг дарга нар газар олголт, төрийн албаны босоо бүтцэд шүүмжлэлтэй хандав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 цагийн өмнө

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт өчигдөр Төрийн ордонд болов. Засгийн газрын бодлогыг хөрсөнд буулгаж, иргэдэд хүргэдэг хүмүүс бол орон нутгийн удирдлагууд. Тиймээс Ерөнхий сайд Засгийн газраас баримталж байгаа бодлого, шинэчлэлийн талаар “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлээ дэлгэрэнгүй танилцууллаа.

Ерөнхий сайд хэлэхдээ “Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно. Тухайн жилд олгох газрын нэгдсэн төлөвлөгөөг Засгийн газар баталж, зөвшөөрлийг нь орон нутаг олгодог болгож цэгцэлнэ. Орон нутагт орлого олох боломжийг нээж, төлөвлөснөөс давсан орлогоо захиран зарцуулах эрхийг олгож, санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн орчныг цэгцэлнэ. Эрх мэдлийн төвлөрөл, хүнд суртал бий болгож байгаа 3000 дүрэм, журмын 1000-ыг нь цуцалж, цэгцэлнэ” хэмээгээд тэдэнд үүрэг даалгавар өгөв. Энэ үеэр аймаг орон нутгийн удирдлагуудын төлөөлөлтэй уулзаж өвөлжилтийн нөхцөл байдал, аймаг орон нутагт тулгамдсан асуудал хийгээд энэ жилийн төсөв санхүүгийн асуудлаар байр суурийг нь сонслоо.

Завхан аймгийн Засаг дарга Ч.Өнөрбаяр:

-Ерөнхий сайдтай өнөөдөр уулзах үеэр хэд хэдэн тулгамдсан асуудал яригдсаны дотор томилгооны асуудлыг нэлээд чухалчиллаа. Өөрөөр хэлбэл, орон нутагт бие даасан 26 агентлаг байгаа ч үүний наймыг нь Засаг дарга томилдог. Бусдыг нь шууд Улаанбаатар хотоос харьяа агентлагийн дарга, сайд томилдог буюу босоо удирдлагатай. Энэ асуудлыг анх удаа Засгийн газрын түвшинд хэлэлцээд шийдэл олох нь зөв гэж үзлээ.

Мөн орон нутагт газрын асуудал маш их яригдаж байна. Сумын дарга өмнө нь газар олгож байсныг Засгийн газар мэддэг болчихсон. Өөрөөр хэлбэл, сумын жижигхэн газрын ямар зориулалтаар олгох, кадастр нь яаж гарах вэ гэдгийг Засгийн газар шийддэг болчихлоо. Ингэснээр орон нутагт хөрөнгө оруулалт хийх боломж бололцоо багасчихаж байгаа юм. Шат, шатны байгууллага дамжиж, Засгийн газраас шийдвэр гарах гэсээр байтал жил болдог. Үүнийг хэлэлцээд эргээд сумын Засаг дарга нарт эрх мэдлийг өгөх нь зөв гэж үзлээ.

Арван аймагт дулааны станц барих ажил Завхан аймагт мөн хэрэгжиж байна. Гүйцэтгэл 60 гаруй хувьтай. Төслийг тууштай явуулахгүй бол аймгуудын хувьд тулгамдсан асуудал хэвээр байна. Дулааны станцын цэвэр, бохир усны шугам хоолойг байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй холбох шугам сүлжээний ажил гэж тусдаа байдаг. Энэ ажил 2026 оны сүүл гэхэд бүрэн дуусна. Завхан аймгийн бүх багууд бүрэн хамрагдах боломжгүй. Тэгэхээр нэмж өргөтгөл хийх болов уу. Өнөө жил тун сайхан өвөл болж байна. Манай аймагт ч тун дажгүй сайхан өвөл боллоо. Гэхдээ урьдын адил цастай байгаа. Урд өмнөх жилүүдээс харьцангуй өндөр хүйтрэлтэй жил тохиож байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд онцгой анхаарлаа.

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун:

-Ерөнхий сайд аймгийн удирдлагуудын ажлын үр дүнг дүгнэхдээ ядуурлыг бууруулсан байдал болон ажлын байр нэмэгдүүлсэн чанарыг шалгана гэлээ. Ядуурлыг бууруулахын тулд орон нутаг ажлын байраа л нэмэгдүүлэх буюу жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нь чухал. Манай аймаг энэ чиглэлд тодорхой хэмжээнд төсөв тавиад явж байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардлагагүй зөвшөөрөл нэхдэг асуудлыг хална гэдгийг УИХ-ын дарга ч хөндлөө.

Бид ч ажил хийх хүн байвал тэр зөвшөөрлийг нь асуудалгүй олгоод явна. 2026 онд сум бүхэнд хүнсний ногоо тариалах талбайгаас гадна аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах талбай олгох ажлыг хийнэ. Ажлын байр нэмэгдүүлэх төсвийг ч тодорхой хэмжээнд тавиад явж байгаа. Бага газрын чулуу, Цагаан суварга дээр аялал жуулчлалын ерөнхий төлөвлөгөөг мөн хийлгэлээ. Эдгээр газруудад хувийн хэвшлийн томоохон хөрөнгө оруулалт хийгдэж, улсын хэмжээний том цогцолбор болох тухай яригдаж байна. Одоо байгаа малчин кэймпүүд буюу жижиг аж ахуйн нэгжүүд био нойл ашиглах байдлаар явж байгаа. Аймгийн төвд дулааны асуудал хүндрэлтэйгээс шинээр барилга байгууламж барихад хүндрэлтэй байсан ч өнгөрсөн жил нэлээдгүй халаалт, дулааны асуудлаа шийдлээ. Хог шатааж дулаан боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулчих санаатай явж байна.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал:

-Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй агентлаг, газруудын босоо удирдлагын асуудал нэлээд яригдлаа. Ерөнхий сайд Төрийн албаны болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар хэвтээ болон босоо удирдлагын уялдаа холбоог хангах, нутгийн удирдлага болон төрийн удирдлагыг хослуулж авч явах нь зөв зүйтэй гэсэн санал гаргалаа. Аймаг, нийслэлийн удирдлагууд сэтгэл дүүрэн байгаа.

Орон нутагт хэрэгжүүлж байгаа төрийн бодлого шийдвэрийг зөвхөн босоо удирдлага гэхгүйгээр нутгийн өөрөө удирдах байгууллага хийгээд хослуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 21 аймаг, 330 сум, багаар нь нийлүүлж байгаад нэгдсэн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар батлаад үүнийхээ дагуу газар олголт хийгдэж байсан нь хугацаа удаашрах зэргээр олон шүүмжлэл дагуулсан. Шинээр олгож байгаа газрууд дэд бүтэц байхгүй, төвийн суурьшлаас хол. Хэн ч төв суурин дагуу, дэд бүтэцтэй газар авахыг хүснэ биз дээ. Тэгвэл үүнийг шинэчилж зохион байгуулах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Манай аймагт төр хувийн хэвшлийн түншлэлээр 70 МВт-ын цахилгаан станц баригдах ажил энэ онд эхэлнэ. Холбогдох бүх зөвшөөрөл гарчихсан. Тендерээ зарлаад барих аж ахуйн нэгжээ мөн тодруулчихлаа. Энэ хавраас ажил эхэлнэ.

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир:

-Өнөөдрийн хуралдаанаар аймаг, орон нутгийн Засаг дарга нар хоорондоо ярилцаж байгаад тулгамдсан асуудлаа нэгтгэж, таван Засаг дарга төлөөлөл болж үг хэллээ. Аймаг орон нутагт тулгарч буй асуудал, хууль эрхзүйн орчны алдаа мадаг, хэрэгжиж байгаа төслүүдийн талаар мэдээлэл солилцлоо.

Шинэ онд ямар ажил хийх юм, түүнийг хөрсөн дээрээ хэрхэн буулгах вэ гэдгээ Ерөнхий сайд нэгбүрчлэн ярилаа. Нэн тэргүүнд хүний хөгжлөө анхаарна. Тэр тусмаа боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин хангамж нэмэгдээд явж байгаа учраас үйлчилгээний чанарт анхааръя гэдгийг хэлж байна. Засаглалын бодлогоо тодорхой болгох, орон нутагт цахим засаглал нэвтрүүлэх санал хэллээ. Бүсчилсэн хөгжил гэх мэтээр найман зориолтыг ярилаа.

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр:

-Манай аймаг энэ жил дөрвөн сумыг автозамаар холбох ажлаас гадна таван сумыг мөн дэд бүтцээр холбох ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэж, 2026 оны төсөв батлагдахаас өмнө бүх саналаа хүргүүлчихсэн. Өнөөдрийн тухайд өвөлжилттэй холбоотой буюу тулгамдсан зарим нэг асуудлаа л хөндөж чадлаа. Цаг бага байсан учраас тэр болгоныг ярьж чадсангүй. Эрүүл мэндийн сайд тухайлбал багцаасаа аймгуудад түргэн тусламжийн машин өгнө гэлээ.

Түүнд мөн саналаа оруулж чадсан. Төв аймаг өнгөрсөн 2025 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгож зарласан. Эдийн засгийн хямралаас үүдэлтэй олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан. Тиймээс анх удаа манай аймаг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас найман тэрбумын санхүүжилт гаргаж, аж ахуйн нэгжүүдээ дэмжлээ. 40 гаруй аж ахуйн нэгж, хоршоодод өгснөөр олон аж ахуйн нэгж үүд хаалгаа нээж, эргээд хэвийн ажиллаж эхэлсэн. 2026 онд харин “Боловсролыг дэмжих жил” гэж зарлалаа.

Манай аймаг өнгөрсөн онд боловсролын үнэлгээгээр хамгийн сүүлд орсон. Тиймээс үүнийг өөрчлөх чиглэлд цогц реформ хийнэ. АНУ, Филиппин зэрэг улсуудаас англи хэлтэй багш нар урьж ажиллуулахаар ярьж байна. Хотод англи хэл сурч болдог орон нутагт болдоггүй гэх асуудал байхгүй. Нэг багшийг 800 ам.доллароор цалинжуулах асуудал бий. Боловсролын салбарын хоцрогдолд олон шалтгаан нөхцөл бий. Тухайлбал, боловсролын салбарынхан бид төрийн шаарддаг олон цааснаас болж хүүхэдтэйгээ ажиллаж чадахгүй, цаас үйлдвэрлэж байна гэдэг асуудлыг ярьж байна. Энэ мэт олон шалтгааныг арилгах чиглэлд ажиллана.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж:

-Миний хувьд цахилгаан эрчим хүчний асуудлаас гадна Гангийн үйлдвэрлэлийг аймагтаа хийх санал тавилаа. Эдийн засгийн хөгжлийн сайд бүх талаар дэмжихээ амласан. Мөн 2025-2030 оны хөгжлийн төлөвлөгөөнд хувийн хэвшлийг дэмжих санал тусгагдсанд баяртай байна. Манай аймгийн тухайд цахилгаан станцын төсөлд 450 сая ам.долларыг босгож чадсандаа баяртай байгаа. Мандал суманд мөн 50 МВт-ын цахилгаан станц барихаар ажиллаж байна.

Цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй гэдэг шийдвэр гаргаснаас болж жижиг уурын зуухнуудын ажилчдын цалин хангамж зогсох, өрөнд орох, зээл авч чадахгүйд хүрэх зэрэг аймгуудад түгээмэл байгаа асуудлыг миний бие хөндөж тавилаа. Тариф нэмэхгүй гэдэг шийдвэр хүндрэл учруулж буйг Ерөнхий сайд эргэж харж, Засгийн газраас татаас өгөх байдлаар шийдвэрлэхээ хэлсэн. Тендерийн хуулиа биелүүлж чадахгүй, орон нутагт хийгдэх төслөө хийж чадахгүй төсвөө буцааж татаасан сумдын Засаг дарга нарыг би ажлаас нь чөлөөлсөн нь үнэн.

Ажлаа хийж чадахгүй байгаа дөрвөн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Сэлэнгэ аймагт түймрийн асуудал нэлээд асуудал дагуулсан. Цаашдаа ойн цэвэрлэгээг өндөр түвшинд хийнэ гэсэн төлөвлөгөө гаргалаа. Түймрийн улмаас ямар хэмжээний хохирол учирсан талаар нэгдсэн дүн мэдээ гараагүй байгаа. Нэгдсэн дүгнэлт гарсны дараа л тодорхой болох юм. Манай аймгийн тухайд зуншлага тааруу байсан. Өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Сумдын дарга нар малчид руугаа зам гаргах зэргээр сайн ажиллаж байгаа. Хүчит тэжээл, өвс хүргэж байгаа ч байгалийн бэлчээрт гарах боломж улам бүр хомс боллоо.

Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж:

-Арван аймагт хэрэгжиж буй Дулааны цахилгаан станц барих төсөл манай аймагт 40 гаруй хувьтай хэрэгжиж байна. Төслийг хэрэгжүүлж байсан БНСУ-ын компани дампуурсан учраас түр зогссон. Засгийн газраас тус улс руу хандаж, дахин төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах асуудлыг тавьсан юм билээ. Үүний дараа ажил яваад эхлэх байх аа. Засгийн газраас аймгуудыг орон нутгийн төсвийн орлогоо өөрсдөө бүрдүүл гэдэг чиглэл өгсөн.

Гэтэл Өмнөговь аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт буюу 300 тэрбумаар шийджээ. Манайх гуравхан тэрбум. Асар их ялгаа байгаа биз. Тэгэхээр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Манайд гэхэд Баянтээгийн нүүрсний уурхайн нөөц нэмэгдлээ. Тэгэхээр босоо тэнхлэгийн автозамын дагуу хатуу хучилттай автозамаар холбогдох хүсэлтээ тавилаа. Ингэж байж нүүрсээ экспортод гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө босгоно. Өвөрхангай аймагт долоон сая мал зусаж, намаржлаа. 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор таван сая толгой мал тоологдож, улсад хоёрт орлоо.

Энэ жил малчид маань хоёр сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ. Маш сайн үзүүлэлт шүү. Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар бэлдлээ. Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр, Өлзийт, Сант зэрэг говийн бүсийн сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Дундговь зэрэг аймгуудад 350 орчим малчин өрх маань отор нүүдлээр явж байгаа. Өвөлжилт хүндэрч байгаа сумдад өвс, тэжээл хүргэж эхэлсэн. Өвөрхангай аймгийн Арвайхээр-Тарагт-Уянга хүртэлх хатуу хучилттай автозамын төслийн 10 тэрбум төгрөг өнөө жил улсын төсөвт суусан байна. Мөн Арвайхээр-Гучин-Ус-Богд чиглэлийн 170 км хатуу хучилттай автозамын эхний санхүүжилт суулаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Бүсийн оношилгоо эмчилгээний төв”-ийн ажил энэ онд эхэлнэ. 2025 онд аялал жуулчлалыг дэмжих чиглэлд 13 эвент арга хэмжээг зохион байгуулсан. Цаашдаа ч томоохон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хэнтий аймгийн Засаг дарга Б.Аюурбунь:

-Аймгуудын төсөв энэ жил харьцангуй их танагдсан ч тэрхүү төсвөө яг хүндээ чиглүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Тэр тусмаа эрүүл мэнд, боловсролын чиглэлд түлхүү ажиллана. 130 гаруй тэрбумын төсвийг манай аймаг хэлэлцэж баталлаа. Бид 2026 онд түүхэн аялал жуулчлалыг тэргүүлэх салбараа гэж тодорхойлсны хүрээнд нэлээдгүй ажил хийнэ.

Тэр хүрээнд аялал жуулчлалын компани, кэмп, зочид буудлуудаа бэлтгэх ажилд анхаарна. Төр хувийн хэвшлийн хүрээнд хамтарч ажиллахаас гадна салбар яамнаас олгох хөнгөлөлттэй зээлүүдэд хамрагдах чиглэлээр ажил хийх болно. Манай аймаг жил бүхэн жуулчдын тоо нэмэгдэж байгаа учраас эвентүүдийг илүү чанаржуулах бодлого баримталж байгаа. Манай аймагт өвөлжилт тун дажгүй байгаа шүү. Хойд талын сумдаар цастай байгаа ч зудын хэмжээнд хүрээгүй. Нийтдээ 3.4 сая толгой мал тоолуулсан. Малын тоо толгой өссөн сайхан мэдээтэй байгаа.

Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга:

-Увс аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Шинэ Улаангом” зах шатсан харамсалтай осол гарсан. 283 түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг байсан. Хохирлын хэмжээг хууль хүчний байгууллага шалгаад явж байгаа. Бид  холбогдох газрууд, Ерөнхий сайдтай уулзаж санал хүсэлтээ тавьсан. Мөн аймгийн ИТХ-аас 2026 оны төсөвт гурван тэрбум төгрөг суулгаж, захыг сэргээн босгох, шинээр барихаар төсөвлөлөө.

Улсын мэдэлд газар нь байгаа учраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр шинэ зах барихаар шийдвэрлэсэн гэсэн үг. Засгийн газарт иргэд болон аймаг орон нутгийн удирдлагууд хандсан. Эхний ээлжинд хохирлын хэмжээг бодитоор тогтоосны дараа Засгийн газраас дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн хариу өглөө. Галын дүгнэлтийг үнэн зөв гаргахаар хууль, хүчний байгууллагууд ч шуурхай ажиллаж байна. Манайх улсын төсвөөс татаастай аймгуудын нэг.

Өмнөговь шиг том уурхай, баялаг алга. Алслагдмал, дэд бүтцийн хувьд асуудалтай. Өөрийгөө санхүүжүүлчих хэмжээний том үйлдвэр, уурхай алга. Гэхдээ хөрөнгө оруулагчдын чуулган зохион байгуулж үйлдвэр барих, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр тууштай ажиллах болно. Энэ жил манайх 92 тэрбумаар төсвөө баталсан. Ихэнх нь урсгал зардалд явна. Ховд-Увс аймгийг холбох автозам, Баруунтурууны автозамын ажлууд улсын төсвөөр баригдаж эхэлснээр олон боломж нээгдэх юм. Увс аймагт өнгөрсөн жил тун гандуу байлаа. Харьцангуй дулаахан байгаа ч энэ долоо хоногоос эхлээд хүйтрэх мэдээлэл авсан. Малчидтайгаа хамтраад бүх талаараа л бэлтгэлээ базаалаа.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат:

-Манай аймгийн Дулааны цахилгаан станц 25 жил ашиглаад ашиглалтын хугацаа дууссан учраас улсын төсөвт ачаа болохгүйгээр бонд босгох замаар шинээр барьж байна. Орлогоо өөрсдөө төвлөрүүлдэг аймгуудад бонд босгох боломж байдаг. Гэхдээ өмнө аймаг бонд босгож байгаагүй учраас хууль дүрэмд өөрчлөлт оруулах шаардлага байсан. Эдгээрийг шат дараатай хийгээд ажил бараг дуусаж байна.

Манай аймгийн тухайд уул уурхайн компаниудаас авч буй татвар, хураамжаас улсын төсөвт татаас өгдөг. Орлого нэмэгдэхийн хэрээр өгөх татаас ч жил бүхэн нэмэгдэж байна. 2021 онд 78 тэрбумыг улсад төвлөрүүлж байсан бол сүүлийн жилүүдэд 1.7, 1.8 их наядыг гээд өсөөд явчихдаг. Энэ жил 1.1 их наядыг улсад төвлөрүүлнэ. 2.1 их наядаар аймгийн төсвөө баталлаа.

Олон улсын нисэх буудал, Спорт цогцолбор, шинэ Цэнгэлдэх хүрээлэн, Дулааны станц, зарим сумдын автозамын ажил гээд бүтээн байгуулалтын ажлууд өнөө жил хэрэгжээд явна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг өөрчилж, аймаг орон нутагт эрхийг нь өгмөөр байна. Аймгийн газар, агентлагийн босоо удирдлагын асуудал бэрхшээл үүсэж байгаа. улсыг тэжээж буй аймгийн нэг учраас ядахдаа хүүхдүүд маань эрүүл, чанартай хүнс хэрэглэг гээд бүх ангийн хүүхдүүдэд “Өдрийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төрд хүн ажиллуулах үүднээс цалинг нь нэмж, нутгийн дэм гэж сар бүр бэлэн мөнгө олгож, орон сууцаар хангаж байж л хүнээ тогтоон барьж байна даа.

Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл:  

-Манай аймаг хүний хөгжлийг дэмжсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг аймгуудын нэг. Тухайлбал, хүүхэд хөгжил хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлдэг. Эдгээрийг бусад аймгуудад жишиг байдлаар хэрэгжүүлэх боломж бий. Ирэх жилүүдэд бид хөрөнгө оруулалт тэр дундаа эдийн засгаа дэмжсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Засгийн газраас зүүн бүсийг түүхэн аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн эрчимжсэн бүс нутаг гэж зарласан. Манай аймагт гэхэд л аялал жуулчлал бол аймгийн ДНБ-ий 40 хувийг бүрдүүлдэг.  Манайх шиг олон боомттой аймагт гэхэд боомтын хөгжлийг дэмжих, гадаад харилцааг хөгжүүлэх шаардлага бий.

Салбар яам болон аймаг орон нутаг уялдаатай ажиллах шаардлагатай байгаа юм. Дорнод аймгийн төвд баригдаж байгаа музейн барилга гэхэд гурван жил саатлаа. Гэтэл жуулчдын үзэх зүйл чинь өөрөө соёлын өв байдаг шүү дээ. Уялдаа холбоог хангаж, энэ мэт ажлаа шуурхайлах хэрэгтэй.

Боомтын хөгжлийг нэмэгдүүлэх чиглэлд боомтоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмье. Тухайлбал, барилгын материалыг оруулж ирдэг болчихвол зүүн бүсэд барилгын үнэ буурах боломжтой. Өнгөрсөн жил гэхэд 40 мянган жуулчин Буйр нуурыг үзэхээр иржээ. Тэдгээр хүмүүс үзэж харах зүйлийг нэмэх хэрэгтэй биз дээ. Манай аймаг улсын төсөвт татаас өгдөг зургаан аймгийн нэг. ДНБ-ий хэмжээ нэг их наядыг давчихсан. Гэхдээ уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбаруудын хөрөнгө оруулалтыг нэмэх чиглэлд төр анхаараад өгвөл илүү их хөгжих боломжтой. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин