Баяр, наадмын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас үер, усны осол, гал түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, урьдчилан сэргийлэх нэгдсэн мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Л.Баярмагнай нар оролцсон юм.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням “Улсын хэмжээнд 2021-2025 онд буюу сүүлийн таван жилд үерийн 301 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 5941 хүний амь насыг авран хамгаалж, нүүлгэн шилжүүлсэн.Үерийн улмаас 25 хүн (хүүхэд 6) амь насаа алдаж, 13665 толгой мал хорогдож, 1471 гэр байшин эвдэрч, 48.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Он гарсаар 07 дугаар сарын 09-ний байдлаар үерийн 11 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс Баян-Өлгий, Сэлэнгэ аймаг болон нийслэлд олон тооны айл өрх, аж ахуйн нэгж өртсөн 3 удаагийн томоохон үер боллоо.
Тухайлбал нийслэл хот орчмоор долоодугаар сарын 07нд орсон борооны улмаас гудамж, нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны зоорийн давхар усанд автсан тухай 36 дуудлага, мэдээлэл ирсний дагуу Онцгой байдлын байгууллага, алба мэргэжлийн анги хамтран үерийн усыг соруулж зайлуулах, далан шуудуу татах, халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг авч ажилласан. Үерийн улмаас хүний амь нас хохироогүй. Улсын хэмжээнд үерийн их болон маш их эрсдэлтэй бүсэд 175 мянган өрхийн 642 мянган хүн ам оршин сууж байна. Энэ нь нийт өрхийн 19.4 хувь, нийт хүн амын 20 хувийг эзэлж байна.
Үүнээс нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 7 дүүргийн 28 хорооны зөвшөөрөлтэй 1388, зөвшөөрөлгүй 282 нийт 1676 нэгж талбарт 1,917 айл өрх оршин сууж байна. Үерийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахаар нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулсан. Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2026 оны 07 дугаар сарын 10-19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана” гэлээ.
