УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөв болон Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нар байр сууриа илэрхийлснээр хуралдаан эхэлсэн юм. Хуралдаанаар гишүүд улсын төсөвтэй холбоотой хэд хэдэн санал илэрхийлсэн ч төсвийн хэлэлцүүлэг ирэх долоо хоногт болох учраас хэлэлцэж буй асуудалтай холбоотой санал хэлэхийг УИХ-ын дарга сануулав. Санал хэлж, асуулт асуусан гишүүдийн дунд орон нутгийн төсөвтэй холбоотойгоор хэд хэдэн асуулт тавив. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Орон нутагт нэлээд эрх мэдэл шилжүүлэх шийдвэр гаргаж байна. Ямар хэмжээний хөрөнгийг орон нутагт шилжүүлж байгаа вэ.
Аймаг тус бүрээр нь хэлэх боломж байна уу” хэмээн асуухад, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ”Урсгал зардлыг орон нутагт шилжүүлэх төсөл боловсруулсан. Ер нь хөрөнгө нь нэг газар, урсгал зардал нь өөр газар байх юм бол дундаас нь шамшигдуулдаг байдал тасрахгүй. Тиймээс ийм өөрчлөлт хийсэн. Орон нутагт 158 тэрбум төгрөгийн хөрөнгө шилжүүлж байгаа. Харин шинээр барьж байгаа хөрөнгө оруулалтыг тусдаа суулгаж өгсөн” хэмээн хариулав. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил энэ талаар, “Өнөөдөр орон нутагт 158 тэрбум төгрөгийн шилжүүлж байна гэж байгаа ч хийх ажил, хөрөнгө мөнгийг нь шилжүүлсэн л хэрэг шүү дээ. Ер нь орон нутаг өөрсдөө төсвөө бүрдүүлж, хэрхэн захиран зарцуулахаа шийддэг болговол бодит шинэчлэл болно. Орон нутгийн төсвийн шинэчлэлийг хэзээ оруулж ирэх вэ” хэмээн тодруулав. Түүний асуултын хариуд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Агаарын бохирдлын эсрэг хөрөнгө оруулалтын 50 хувийг, ашигт малтмалын лиценз олгох нийт эрхийн 50 хувийг, газрын тосны орлогын 50 хувийг орон нутагт үлдээнэ. Энэ хуулийг 2018 оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн. Одоо УИХ-д байгаа. Таны байр суурийг бүрэн дэмжиж байна. Орон нутаг төсвөө бүрдүүлдэг, захиран зарцуулдаг байж хөгжинө” гэв.
Харин УИХ-ын гишүүн М.Билэгт: “Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчдын НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг хэвээр байлгахыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “2019 оны төсвийн орлого “чанга” болсон хэдий ч бид чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.
Мөн тэрбээр “Ирэх онд төсвийн орлого 9.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувьд хүрч, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ 11.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувьд хүрнэ” гэсэн юм. Харин алдагдал 1.9 их наяд төгрөг байхаар тооцож байгаагаа дуулгаж өргөн барьсан “цатгалан, үрэлгэн” төсвөө өмөөрөв.