ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ирэх оны төсвийг батлав

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-02

УИХ-ын чуулганаар өнөөдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин “ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга, хариуцлагыг сайжруул гэдэг саналыг тавьдаг юм билээ. Тэр бол зөв зарчим л гэж би хувьдаа бодож байна. Энэ жилийн хөрөнгө оруулалтууд зураг төсөвгүй гэдэг зүйлүүдийг маш их ярьж, шүүмжилж байна.

Төсвийн байнгын хороо зураг төсөлгүй гэдгийг тодруулж үзсэн үү” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Төсвийн хэлэлцүүлгийн үеэр зураг төсөвгүй төслүүдэд хөрөнгө оруулалт хийх гэж байна гэж шүүмжилсэн. Гэхдээ ажлын хэсэг дээр жишиг зургаар хөрөнгө оруулалт хийгээд явна гэсэн зарчмын дагуу ажилласан” гэсэн юм. Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа хуулийн төслүүдийн дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, зүйл, заалт бүрээр нь санал хураалаа. Ирэх оны төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90.5 хувийн саналаар баталсан юм.