УИХ-ын чуулганы баасан гарагийн ээлжит хуралдаан 50.7 хувийн ирцтэй эхэлж, 2019 оны төсөв болон Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хууль, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Ардчилсан нам чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа тул УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуралдааны эхэнд “ЖДҮХС-ийн асуудлаа цэгцлэхгүйгээр төсвөө батлаад явах уу. Захиргааны хэргийн хуульд өөрчлөлт оруулахдаа МАН дангаараа хэлэлцэх нь зөв үү. Ардчилсан нам байхгүй байхад ийм хууль батлах нь зохимжгүй учраас хэлэлцэх асуудлаас хасаж өгнө үү” гэсэн горимын санал гаргахад УИХ-ын дарга М.Энхболд 2019 оны төсвийг энэ сарын 15-аас өмнө батлах ёстой учраас хэлэлцэхээс өөр арга байхгүй гэсэн тайлбар өглөө. Улмаар О.Баасанхүү гишүүний тавьсан горимын саналаар санал хурааж, нийт гишүүдийн олонхи нь дэмжээгүй тул уг хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болсон юм. Чуулганы хуралдааны үеэр 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Зураг төсөлтэй холбоотой асуудал хэл ам дагуулж байна. Ялангуяа хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудын зураг төслүүдэд өндөр дүн тавьдаг. Цаашид сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг 2-3 хувилбартай зураг төслүүдийг нэг хийгээд, тэр зургаар дагнаж явах нь зүйтэй. Ингэснээр зураг төсөлгүй хөрөнгө оруулалт төсөвт дарамт учруулахгүй байх нөхцөл бий болно. Үүнийг шийдээд явах боломж бий юу. Мөн Засгийн газрын сангуудыг Төсвийн байнгын хорооноос шалгах боломжтой юу” хэмээн асуухад, Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж “2013 оны 226 дугаар тогтоолоор нэг маягийн зураг төслүүд батлагдсан. 2019 оны төсвийн төсөлд зураг төсөлгүй гэж ярьж байгаа нь Засгийн газрын тогтоолын дагуу нэг маягийн зураг төслүүдийн дагуу хийхээр төлөвлөж байгаа” гэсэн тайлбарыг өгөв. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар” Ерөнхий сайд Засгийн газрын бүх санг шалгах захирамж гаргаж, Сангийн яамнаас ажлын хэсэг гараад ажлаа эхлүүлж байна. Үндэсний аудитын газраас шалгалт хийж, Сангийн сайдад бичиг ирсэн. Энэ сангуудыг өөрийн орлогоор нь санхүүжүүлэх ёстой гэдэг саналыг ирүүлсэн байгаа. Ер нь сангуудыг цаашид зөв механизмаар, ил тод, олон нийтийн оролцоог хангаад явуулах шаардлагатай байгаа” гэв.
Монгол Улсын 2019 оны төсвийг баталлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд байлаа. Уг хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж батлав.
Ийнхүү 2019 оны төсвийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг 20 гаруй гишүүний ирцтэйгээр хэлэлцэж, баталлаа. Энэ долоо хоногт чуулган хуралдахгүй аж. Учир нь Засгийн газраас пүрэв, баасан гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ.