УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: АН-аас таны ажилд ямар нэг саад, дарамт тавиагүй гэж бодож байна. Намын удирдагчийн хувьд эхлээд та өөрийнхөө намд шинэчлэлтийг хийх ёстой байх
УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Засгийн газарт хариуцлага тооцох тухай асуудал ярих гэтэл Ерөнхий сайд АН-д хариуцлага тооцох асуудал яриад байна. Б.Батзориг сайдад хариуцлага тооцох асуудал яриагүй. Энэ хүн чинь өөрөө өргөдлөө өгчихсөн. Хариуцлага тооцох субьект нь өөр газар байгаа байх гэж бодож байна. Ерөнхий сайд та хууль бус юм битгий хий гэж танхимынхаа гишүүдэд чиглэл өгч чадаагүй биз дээ. Б.Батзоригт би хэдэн юм хэлье. Бид хамтран ажиллаж, Монголын ард түмэнд тусалж явсан хүн. Энэ хүн ЖДҮХС-гийн зээлийг аваад дарга нарт тараах хүн биш гэдгийг би сайн мэднэ. Намын даалгавар байсан гэдгийг ч би мэднэ. Монголын төлөө их юм хийхээр залуу.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Б.Батзориг сайдад биш, энэ хүнийг ийм юм хийхэд хүргэсэн нам, Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. УИХ-ын гишүүдийн гуйлтад орсон хүнээ одоо ингэж байгаа чинь ичгэвтэр санагдаж байна, Ерөнхий сайд аа. Эрх мэдлээ ашиглаж зээл авсан хүмүүс ч гэсэн хариуцлага хүлээгээч. Гэмшиж байгаа хүн нэг ч байхгүй байна. Харин ч эсрэгээрээ доромжлоод байна. Ерөнхий сайд огцрох ёстой.