ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Тун удахгүй намаа шинэчилнэ, чадахгүй бол өөрөө огцорно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-07

УИХ-ын чуулганы мягмар гарагийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр хэн юу хэлснийг тоймлон хүргэе. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Манай намын бүлэг ажил хаялт зарласан хэдий ч өнөөдрөөс ажил хаялтаа зогсоож байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ асуудалд хариуцлага хүлээж, танхимаараа огцрох хэрэгтэй. Засгийн газраас ирүүлсэн албан тоотод эрх мэдэл бүхий албан тушаалтнууд  өөрийн хамаарал бүхий компанид авсан зээлийг эргэн төлүүлэх тухай асуудлыг хөнджээ. Асуудал эргэн төлүүлэхдээ биш. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагыг бид тавина. Засгийн газар хяналт тавиагүйгээрээ огцрох үндэслэл бүрэн байгаа. Өөрийн хамаарал бүхий компаниудад нэлээд хэдэн УИХ-ын гишүүд нэр холбогдсон. Эдгээр гишүүд хамгийн наад захын ёс зүйн хариуцлага хүлээж, баялаг бүтээгчдээсээ уучлал гуйх ёстой. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-Сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ сайд чинь намын даалгавар биелүүлсэн хүн. Тиймээс  зээл авсан гишүүд нь ямар хариуцлага хүлээх юм бэ. Танхимд инээгээд суугаад байх юм уу. Энэ чинь Засгийн газрын асуудал. Ерөнхий сайд нь ирээд, байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Уг нь  У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох ёстой юм. АН-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулъя гэлээ. Би энэ саналыг дэмжинэ. Хэдэн удаа сайдаа сугалж огцруулах юм бэ. Бүтнээрээ огцрох хэрэгтэй. Зуун жилийн түүхтэй нам биз дээ. Сайн ажиллаж, Засгийн газраа бүрдүүлэх хэрэгтэй. Ийм хариуцлагагагүй Засгийн газраа огцруулахыг МАН ч бас дэмжих хэрэгтэй шүү.

УИХ-ын дарга М.Энхболд: 

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг одоо албан уулзалттай байгаа учраас хэлэлцэх асуудлаа үргэлжүүлье.

УИХ-ын гишүүн Л.Болд: 

-Засгийн газрын сайдыг огцруулах асуудал ярьж байхад Ерөнхий сайд нь байхгүй байна гэж байх уу. Үүнээс илүү чухал асуудал байдаг юм уу. Ард түмэн өнөөдрийн хуралдааныг нүдээ бүлтийтэл ширтэж суугаа. Шударга ёсыг нэхэж байна. Яагаад Ерөнхий сайд нь алга байгаа юм бэ. ЗГХЭГ-ын дарга нь ч алга. Шадар сайд танилцуулга уншихад байнгын хороонд үг хэлж, асуулт асуух гишүүн байхгүй байна. Ингэж асуудалд хандаж болохгүй. 
...Энэ үеэр гишүүдийн шаардлагын дагуу Ө.Энхтүвшин гишүүн Ерөнхий сайдыг утсаар дуудаж, тэрбээр чуулганы хуралдаанд оролцов. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-Манай тойргийн нэг хөгшин зээл хүсээд байсан юм. Журмаараа авахаар байтал чадаагүй. Гэтэл танай намын генсек хүртэл зээл авчихсан байх юм. Энэ намын зорилтот ажил байв уу. Танай намын гишүүд зээл авч болдог, ард түмэн авч болдоггүй юм уу. Яг хэний даалгавраар Б.Батзориг зээл олгосон юм бэ. Дараачийн сайдын асуудлаа та яаж шийдэх вэ. Б.Батзориг дураараа зээл олгочихсон гэж би бодохгүй байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Урт хугацааны эдийн засгийн бодлогын үүднээс бид асуудалд хандах ёстой. Би ард түмэндээ үнэнээ л хэлнэ. Зээл авсан нөхдүүд энд сууж байгаа. Ард түмнээсээ уучлалт гуйж,  зээлээ эргүүлж төл гэж хэлсэн. Хууль бусаар зээл авсан эсэхийг би тогтоож чадахгүй. Хууль хяналтын байгууллага тогтооно. ЖДҮХС-гийн зээлд намын оролцоо, даалгавар байгаагүй.

УИХ-ын гишүүн Б.Батзориг: 

-Би сайдаар нэг жил гаруй ажиллалаа. Энэ хугацаа­нд салбарыг солонгоруулах чиглэлд анхаарал тавин ажилласан. Хэд хэдэн хуулийг УИХ-аар оруулж батлууллаа. Газар тариалан, мал аж ахуйн салбарын тоон үзүүлэлтүүд ерөнхийдөө өөдрөг байна. Энэ бүхнийг бүтээхэд хамтран ажилласан салбарынхандаа баярлалаа. Монгол Улсын иргэдээсээ, ээжээсээ уучлал хүсч байна. Би албан ажлаа өгөхөөр Ерөнхий сайдад хүсэлтээ өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Би Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ нарыг Монголын улс төрд хариуцлагаа хүлээж чаддаг жишгийг харуулсанд баярлаж байна. УИХ-ыг тараах асуудалд хөндөгдсөн цаг үе таарлаа. Ард түмэн ямар их бухимдалтай байна. Түүн дээр наймын хувинтай ус хийгээд галыг унтраахгүй. Засгийн газар өөрсдөө санаачилга гаргаад, шалгаад ЖДҮ тойрсон асуудлыг гаргаад ирчихсэн юм шиг пиар явуулж байна. Зээлээ төлөөд, уучлал гуйгаад ч ард түмэн хүлээж авахгүй байгаа. Ер нь фермийн аж ахуй эрхлэх гэж байгаа хүн энд суух хэрэг байхгүй шүү.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

-Өнөөдөр МАН уугуул нэрээ сэргээсэн өдөр тохиож байна. Би Ерөнхий сайд болоод эдийн засгийг сайжруулах, шударга ёс тогтоох хоёр зорилт тавьсан. Эхний зорилт харьцангуй сайн хэрэгжсэн. Гэвч хариуцлагын асуудал санаснаар ажил хэрэг болохгүй байгаа. Би зарлаад, тэвчээд, засах гэж үзлээ. Болохгүй байна. Тун удахгүй би намаа шинэчилнэ. Энэ чиглэлд намын гишүүдээсээ дэмжлэг хүснэ. Дараа нь ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Тэгээд чадахгүй бол өөрөө огцорно гэдгээ эр хүний ёсоор хэлчихье. Ард түмэн итгэл найдвараа алдах вий гэдгээс айж байгаагаа өмнө нь хэлж байсан. Одоо ч дахин хэлнэ. Энэ асуудал ганц МАН-ын асуудал биш, АН-д ч хамаарна. Би Ерөнхийлөгчтэй зөв зүйлийн төлөө хамтран ажиллана. Бөөндөө сууж асуудлаа яриад, шийдэж чаддаг байх ёстой. Зээл авсан гишүүд  ард түмнээсээ уучлал гуйж, зээлээ төлөхгүй бол 2020 онд нэр дэвшүүлэхгүй.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 

-Ерөнхий сайдаар томилог­дохдоо та хуулийн дагуу ажиллана гэж амалсан. Хуулийн дагуу ажиллаж чадаж байна уу. Ард түмэн аль хэдийнэ итгэлээ алдчихлаа. Ер нь танхимын гишүүдээ зангидаж чадах нь уу.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Ерөнхий сайд шүдгүй арслан мэт байгаа. Бид Үндсэн хуулийн орчноо өөрчлөх хэрэгтэй. Хоёр нам одоо хамтарч  ажиллах ёстой. Би ингэж уриалсаар ирсэн. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 

-Засгийн газрын сангийн хуулиар 29 сан ажиллаж байна. Ажилласаар ирсэн сангуудаа эргэж харах хэрэгтэй. Хөгжлийн банкны зөрчлийн хэрэг хаачив. Н.Мөнхбат гэдэг залууг шоронд явуулчихаад бусад нь үлдчихлээ. АСЕМ-ыг хар. Зарим гишүүд намын даалгавартай гээд яриад байна. УИХ-ын гишүүдэд олон санал ирдэг. Надад ч ирсэн Б.Батзориг сайдад хэлсэн. Гэхдээ шаардлага хангаагүй учраас болоогүй. Яг өөрөө идэж уугаагүй мөртлөө ингээд хариуцлага хүлээдэг жишгээр бид алхаж байна.Ер нь улс төр, бизнес хоёр холилдоод ирэхээр ийм зүйл рүү ордог. Б.Батзориг сайдын сайн талыг ярих хэрэгтэй. Манай аймгийн малчид өнгөрсөн хавар 1600 гаруй машин авлаа. Өр зээлнээсээ гарлаа. Тариаланчид ч ярьж байна. Бидэнд хамгийн ээлтэй сайд байлаа гэж. Тэгэхээр л бид тогтолцоогоо өөрчлөх ёстой байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Болд: 

-Чоно борооноор гэдэгчлэн асуудлаар далимдуулж Үндсэн хууль өөрчлөх гэж байна. Ард түмэн ийм зүйл хүсээгүй. Үе үеийн Засгийн газарт “ЖДҮ-чид” орж ирээд буруугаа Үндсэн хууль руу чихдэг. Харин ч Үндсэн хууль байсан учраас ЖДҮ-ийн зээлийн асуудал илэрсэн. Ард түмэн бухимдаж байгаа нь бид бүхэн яалт ч үгүй хугацаа дууссан гэдгийг харуулж байна.
...УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад Б.Батзориг сайдыг албан үүргээс нь чөлөөлөх асуудлыг гишүүдийн 76 хувь нь дэмжлээ. Ингэснээр ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас Б.Батзоргийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.