УИХ-ын чуулганы лхагва гарагийн ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Өчигдөр Халдашгүй байдлын дэд ороо хуралдаж УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасныг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өчигдөр шөнийн 22:00 цагт байнгын хороо хуралдах гэж байна гэсэн. Би тийм орой хүртэл сууж чадаагүй. Нэг намынхан байж яагаад хаалттай хуралдсан юм бэ, МАН-ынхаан. Хэвлэлд улсын их хурлын дөрвөн гишүүн холбоотой гэж бичсэн байна. хэн хэн бэ гэдгийг зарламаар байна. Б.Батзориг гишүүнийг даалгавар биелүүлснийхээ төлөө ийм байдалд хүрсэн гэж бодож байна. Намынхан нь захиалга өгсөн учраас авч үлдэх гэж байгааг ч ойлгож байна. ЖДҮ-ийн зээлийн үндсэн захиалагч нь хэн бэ. Тэд яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм. Огт хамааралгүй компанид зээл өгөөд ашгийг нь аваад байгаа хүмүүс байна. Эднийг шалгах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Дэгийн дагуу гаргасан саналын дагуу хаалттай хуралдуулсан.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Гол нь уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас хаалттай хуралдуулсан.
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Захиалагчийн асуудал одоогоор тогдоогдоогүй байна. Шалгалтын явцад тогтоогдвол оруулж ирнэ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Шалгалтын явц хэр удаан үргэлжлэх вэ?
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Түүнийг хэлэх боломжгүй. Ганцхан ЖДҮХС-ийн асуудал биш тул нэлээд удаан үргэлжлэх байх.