УИХ-ын чуулганы лхагва гарагийн ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Өчигдөр Халдашгүй байдлын дэд ороо хуралдаж УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасныг Хууль зүй дотоод хэргийн сайд Нямдорж танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Зарим гишүүд асуудал үүсмэгц, өөр тийш залаад байгаад харамсаж байна. Л.Болд гишүүн та улс төрийн нэмэх оноо авах гэж иргэдийг буруу зүйл рүү турхирч байна. Үүнд чинь би их харамсаж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Иргэд үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхээ эдэлж чадахгүй байгаа учраас ард түмэн бухимдаад байна. Албан тушаалаа ашиглаж төрийн мөнгийг их хэмжээгээр идсэн хэрэг гараад байхад, шүүх прокурорын байгууллагууд тоохгүй байгаа юм бэ. Соошлоор шуугиад эхлэхэд л баривчилгаа явуулдаг. Эрдэнэтийн 51 хувь гэх мэт маш олон хэрэг байгаа. Ц.Нямдорж сайдаа яагаад үүнийг анхаарахгүй байгаа юм бэ. Нэг хоёр хүн сольсноор юу ч өөрчлөгдөхгүй. Тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гээд байна шүү дээ. Дэндүү ялгаатай байна. Нэг шуугиад л чимээгүй болдог. ЖДҮХС-ийн зээлийн асуудал Б.Батзориг гишүүний үед л зөвхөн гараад байгаа юм биш. Өмнө нь үе үеийн сайдын үед байсан.
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Бүх хэргүүдэд хэрэг бүртгэгдээд, шалгагдаж байгаа. Цагдан хориж болохгүй хууль та бүгд баталчихсан. Та нар дандаа сайдаас асуух юм. Хууль зүйн сайд үүнд оролцох эрх байдаггүй. Би гурван асуудал оруулж ирсэн, та нар хоёрт нь татгалзсан. Шударга ёс хаана байгаа юм. Жирийн иргэн цагдан хоригдож байхад, УИХ-ын гишүүн нь ингээд сууж байна. Би шударга ёсыг тогтоох гэж л энэ асуудлыг оруулж ирсэн. Яллах нөхцөл байдал тогтоогдсон бол би яллах үүрэгтэй л хүн.
УИХ-ын гишүүнЦ.Нямдорж: Хууль гаргахдаа алдаа гаргасан нь үнэн. Бид эсэргүүцэж бослого хүртэл гаргаж байсан. АТГ-ын хэргүүдээ шалгах юм байгаа биз. Би аахар шаахар асуудлаас айхгүй. Би айдгаа ардаа гаргачихсан хүн. Цагдааг дахиж ёс бус ажиллагаанд оролцуулахгүй шүү. Яриад байгаа хэргүүд дээр чинь цагдаагаас дэмжлэг хэрэгтэй бол бэлэн байгаа шүү.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: М.Энх-Амгалан прокурор та битгий том дуугараад бай. Та биднийг загнаад байна. Хуулийг тэгвэл өөрчилье. Яаж өөрчилвөл таньтай хамт шударга ёсыг тогтоох юм бэ?
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Би загнаагүй. Ярихдаа угийн дуу өндөртэй. Түүнээс биш би энд гишүүдийг загнах эрхгүй. Уучлаарай.