УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсийг шалгах шалгалтын дүн, Чингис, Самурай бондын зарцуулалтад хийсэн шалгалын дүн яаж гарсан бэ. Хаана байна вэ.
Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан:
-2015, 2016 онд үйлдэгдсэн Хөгжлийн банк болон бондтой холбоотой хэрэг шалгагдаад шүүх рүү шилжсэн буцсан. Тэгээд дахин мөрдөн байцаах ажиллагаа явагдаад шүүх рүү шилжсэн.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
- УИХ-ын гишүүдээс иргэд шударга ёсыг нэхэх нь үнэн. Сүүлийн үед үйлдэгдэж буй төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг яагаад илрэхгүй байна вэ. Тэр хүмүүст яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол нэг хоёр хүн солиод хэрэг алга. Хэргүүдийг шалгаж байна гэж хариулдаг. Хэзээ шалгаж дуусах юм бэ. ЖДҮХС-аас зээл авсныг буруу гэж бодож байгаа. Энэ байдлаас болж албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглаж хэрэг үйлдэж байна. Зарим хэргүүдийг зохион байгуулалттайгаар гаргаж ирэх тохиолдолд ч байна.
Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан:
-Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой бүхий л хэргийг шалгаж байна. Бүгдийг нь шалгаад явж байгаа. Өөрсдийн чинь баталж өгсөн хуулиар тухайн хүнийг байнга хориод байж болохгүй байна. Та нар алдаа согогтой хууль хийчихсэн. Өөрсдөө алдаатай хууль баталчихаад чи хууль биелүүлсэнгүй гэдэг. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалгах гишүүн жирийн иргэн хоёр чинь тэс өөр шүү дээ. Яагаад журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. Шалгах боломжийг нь өгөөч. Тийм шударга юм бол Б.Батзоригоо чөлөөл. Хаана байна тэр шударга ёс. Энэ хүний шийдвэрээр үүрэг гүйцэтгэсэн хүмүүс тэнд хоригдсон байна. Гэтэл энэ хүн энд зүгээр сууж байна шүү дээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Та үнэхээр том байна. Бид хуулиараа таньд асар их эрх мэдэл өгсөн юм байна. Та бидэнд ажлаа тайлагнах ёстой. Гишүүдийг загнаад үнэхээр том эрх мэдэлтэй байна. Та шударга ёсыг тогтоох гээд ажиллаж байна. Гэхдээ энд битгий том дуугараад бай. Бид таньтай хамтарч ажиллаад буруу, болохгүй хуулиа өөрчилье.