УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авч, томилгоог түр хугацаагаар хойшлуулсан юм. Түүний дараа УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор болсон. Асуулгын хариуг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Гэвч хуралдааны эхэнд УИХ-ын гишүүдийн зүгээс горимын санал гаргаж хэлэлцэх асуудалтай холбогдуулан холбогдох сайд, дарга нар нь хуралд ирээгүй учраас асуулгыг хойшлуулав. Энэ үеэр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэе
Б.Пүрэвдорж:
/УИХ-ын гишүүн/
-Төрийн ажил явахаа больсон байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх ёстой байтал ирц нь бүрдэхгүй байна шүү дээ. МАН-д иргэд итгээд 65 суудал өгсөн. Ерөнхий сайд нь ирэхгүй юм. Сангийн сайд бүх асуудлаас бултаад явчихсан байгаа. Бидний зүгээс ард иргэдийн амьдралд чухал байгаа ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенц, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар асууж хариулт авах гэхэд холбогдох хүмүүс нь энд алга. Ганцхан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас хариулт авах нь хангалтгүй. Энэ бүх асуудалд бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй. Сангийн яам болон Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд алга байна. Хүмүүсээ бүгдийг нь дууд. Бид зохих ёсны хүмүүсээс нь хариултаа авна. Энэ хүмүүсээс авахгүй. Тиймээс асуулт асуумааргүй байна.
М.Энхболд:
/УИХ-ын дарга/
-УИХ-ын Дэгийн тухай хуулиар баасан гарагийн 15:00 цагт Ерөнхий сайдын мэдээлэл эсвэл гишүүний асуулгад хариулах ёстой. Энэ бол зайлшгүй асуудал. Би энэ асуудалд завсарлага авах шаардлагагүй гэж харж байна. Сангийн яам болон Монголбанкны гол асуудал хариуцсан дарга нар ирсэн байна.
Д.Эрдэнэбат:
/УИХ дахь АН-ын бүлгийн дарга/
-Валютын ханшийн өсөлт нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг юм. Би энэ асуулгыг одоогоос сарын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан. Асуулгын хариу өгөх гэж 20 гаруй хоносон. Дараа нь УИХ-ын чуулганд оруулах гэж долоо хоносон. Ийм чухал асуудлаар хариулт авахад холбогдох хүмүүс нь ирсэнгүй. Миний тавьсан асуулгад Сангийн сайд хариулт өгнө гэж албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл Сангийн сайд нь ирсэнгүй. Монголбанкны ерөнхийлөгч зайлшгүй суух ёстой. Бас л байхгүй. Дарга томилох болохоор бүгд ирчихсэн, маш их амлалт өгөөд томилогддог. Иргэдийн амьжиргаа, хувь заяатай холбоотой асуудалд нэг нь ч ирэхгүй байгаа нь өнөөдрийн Засгийн газрын нүүр царай, үнэн төрх мөн шүү дээ. Бид энд бие биеэ хамгаалах шаардлагагүй. Засгийн газар чинь дэндүү хариуцлагагүй болж дууслаа. Ийм төр байж болох юм уу. Бие биеэ хамгаалаад байж болох юм уу. Хариуцлага алдсан хүмүүс нь нуугдаад алга болсон. Харин “Нохойд барьдаг мод шиг” Г.Занданшатар бүх зүйлд нь гүйж байна. Ийм хариуцлагагүй байдлаар асуудалд хандаж, хэлэлцсэн дүр эсгэж болохгүй. Ядаж УИХ өөрийнхөө нэр хүндийг бодмоор байна. Тиймээс ард түмэн бидэнд дургүй байна. Би горимын санал гаргаж, асуулгыг хойшлуулмаар байна. Аливаа асуудлыг халтуурддагаа болъё.
М.Энхболд:
/УИХ-ын дарга/
-Асуулга тавьсан гишүүн өөрөө асуулт, хариулт явуулахгүй гэж байгаа юм уу. Энэ асуудал нь амин чухал. Тиймээс чуулганы хуралдаанаар оруулна гэдгээ Д.Эрдэнэбат гишүүн та УИХ-ын даргын зөвлөлийн хуралд ярьсан шүү дээ. Холбогдох сайдууд нь байна. Тухайлбал, БСШУС, БХБ-ын сайд нар байна. Сайд нарыг нь гүйцээгээд томилоод өгье гэхээр та нар бас л завсарлага авна гээд байгаа шүү дээ.
Г.Занданшатар:
/ЗГХЭГ-ын дарга/
-Монголбанкны ерөнхийлөгч олон улсын байгууллагуудтай уулзахаар гадагшаа явсан. Сангийн дэд сайд, Монголбанкны дэд ерөнхийлөгч нар ОУВС-тай уулзаж байгаа. ОУВС-гийн зургаа дахь үнэлгээг хэлэлцэж байна. Энэ ажлаар хэлэлцээ хийж байсан. Нэгэнт тавьсан асуулгынхаа хариуг сонсчихооч гэж УИХ дахь АН-ын бүлгийн даргаасаа хүсэж байна.
Д.Эрдэнэбат:
/УИХ дахь АН-ын бүлгийн дарга/
-Би маш тодорхой санал тавьсан. Асуулгыг хойшлуулъя гэж. Энэ талаар горимын санал хураах хэрэгтэй.