УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлж байна.
У.Хүрэлсүх: Д.Гантулгын асуудлыг шийдвэрлэгдсэн. Буруутай эсэхийг нь хууль, хяналтын байгууллагынхан шийдэх байх. Би эцэг хүнийхээ хувьд хүчирхийлэлд дургүй. Монгол Улсад шударгаар бизнес эрхэлж байгаа хүнийг би дэмжинэ. Энэ ажлаа ч хийж байгаа. Бизнес эрхлэгчдээс би ганцхан татвараа төлж байхыг л хүсдэг.
С.Баатарбилэг: Би таныг хүндэлж явсан. Гэвч таны бид нарт гаргаж байгаа дээрэнгүй байдлыг ойлгоход хэцүү байна. Жагсаалт гаргаад гишүүдээс ард түмний хөрөнгийг нэхье. Их цэвэрлэгээ явуулах хэрэгтэй. 2020 оны сонгуульд ард түмэн дүн тавих байх.
У.Хүрэлсүх: Манай намын олон гишүүн надад ганцхан зүйлийг захиж байгаа. 1990 оноос хойш энэ намд явсан хүний хувьд МАНАН-тай амь насаа үл хайхран тэмцээрэй гэж захисан. Би энэ захиасыг л биелүүлэх гэж ажиллаж байна. Би ард түмний итгэл найдвар алдрахаас л хамгийн их айж байна. Шударга ёсны төлөө хоёр, гуравхан тоосго сугалахад Засгийн газрыг огцруулах хүртэл яригдаж байна. Ард түмэн байдлыг ойлгож байгааг би мэдэрч байгаа. Ганцхан хоногийн дотор надад 1500 гаруй мессеж ирж, намайг дэмжиж байна. Надад алдаа дутагдал байж болох ч эх орноо гэсэн чин үнэнч сэтгэл бий. Эх орон гэдэг ямар үнэ цэнтэй вэ гэдгийг арми надад мэдрүүлсэн.