Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. ҮХЦ-ийн гишүүн Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэх юм.
Ц.Даваасүрэн:
-Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоод нэлээд хугацаа өнгөрсөн байтал Цэцийн гишүүдийг шинээр томилох асуудлыг яагаад удаасан юм бэ. ҮХЦ өнгөрсөн хугацаанд багагүй хэл ам дагуулсан. Эх нь булингартай бол адаг нь ч булингартай шүү. ҮХЦ-ийн унасан нэр хүндийг сэргээх үгүй эсэх нь та гурваас шалтгаална. Анхнаасаа үлгэр жишээ ажиллах хэрэгтэй.
Б.Бат-Эрдэнэ:
-Цэцийн шинэ гишүүдийн ажилдаа хандах хандлагаас цаашдын бүх зүйл хамаарна шүү дээ. Ашиг харсан нийгмээ дагаад хүмүүс ахуй, хангамжид анхаарал хандуулдаг болсон нь үнэн. ҮХЦ-ийн гишүүд улс төрийн намууд, улстөрчдөд тал зассан шийдвэрийг гаргавал төвөгтэй асуудал үүсэх юм.
Ж. Мөнхбат:
-Цэцийн гишүүд хуулиа дээдэлж, ёсзүйг баримталж ажиллах ёстой. Та бүхэн бол Үндсэн хуулийн манаачид. Нэр дэвшигч Б.Буяндэлгэрээс асуух асуулт байна. Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд ямар байр суурьтай байна вэ. Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь ирсэн. Цаг хугацааны хувьд 19 жилд Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдаж байна.
ҮХЦ-д нэр дэвшигч Б.Буяндэлгэр:
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Үндсэн хуулийн үндсэн санааг хөндөөгүй л бол өөрчлөлт хийж болно.
Х.Болорчулуун:
-ҮХЦ-ийн дээр гагцхүү хөх тэнгэр л бий гэдэг. ҮХЦ-ийг улстөржсөн байгууллага болж хувирсан гэх шүүмжлэх гарах болсон. Энэ байдал өнөөдрөөс эцэслэгдэх байх аа. Хариуцлагатай албандаа шударга ажиллаарай. Б.Буяндэлгэртэй би олон жил орон нутагт хамтарч ажиллаж байсан. ҮХЦ-д хариуцлагатай ажиллаж чадна гэдэгт найдаж байна. Ард түмнийхээ итгэл найдварыг дааж ажиллаарай.