УИХ-ын пүрэв гарагийн чуулганаар Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Л.Элдэвочир: Төрийн албан хаагчийн тооны асуудал нэлээд яригдах боллоо. 2016 онд МАН- сонгуульд яриад 30 гаруй мянган хүнийг төрийн албанд авлаа гэх шүүмжлэл гарсан. Тиймээс нэг төрийн албан хаагчид ногдох иргэдийн тоог тодорхойлоод оруулж ирэх боломжтой юу. Үүнд үндэслэн төрийн албан хаагчийн тоог цөөлж, үлдсэн хүмүүсийнхээ цалинг нэмж, чадварлаг цомхон болгох боломж байна уу. төрийн албаны цалинг нэмэгдүүлбэл, хувийн хэвшлүүд ч дагаад цалингийн хэмжээг нэмэх байх. Үнэндээ Монголд цалингийн хэмжээ хүний хэрэгцээнд хүрэхүйц биш байгаа.
Т.Тогтохсүрэн: Өнөөдрийн байдлаар 191 мянган төрийн албан хаагч байгаагийн 130 гаруй нь боловсрол, соёл урлагийн салбарынхан байна. Төрийн үйлчилгээний албан хаагчид нормдоо байгаа. Өнөө маргааштаа бүтцийн асуудал ярихаар халаа, сэлгээ дагаад өрнөдөг учраас болгоомжтой хандах хэрэгтэй. Шинэ төрийн албаны хуулиар орон тоонд дураараа, арын хаалгаар орох асуудал байхгүй болно.
Ж.Ганбаатар: Төрийн албан хаагчийн зэрэг дэв цалинд нь хэр нөлөөлдөг вэ.
С.Бямбацогт: Төрийн албан тушаалтны зэрэг дэв тогтоосноор цалинд тодорхой нэмэгдлүүдийг олгодог. Үндсэн цалин дээр нь зэрэг дэвээс шалтгаалан нэмэгдэл ордог.
Гишүүд үг хэлж дууссаны дараа санал хурааж гишүүдийн олонхий нь дэмжсэн тул тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.