УИХ-ын чуулганы хуралдаан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн үргэлжилж байна. Хэлэлцүүлж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.
О.Баасанхүү: Гомдол гаргасан албан хаагчийн хэдэн хувийг нь буцааж ажилд нь тавьдаг юм бэ. Шинэ журмаар энэ асуудлыг яаж зохицуулж байгаа вэ.
Т.Тогтохсүрэн: Төрийн албаны шинэ хуулиар төрийн албан хаагчийг хууль бусаар халах асуудлыг цэгцэлж байгаа. Хууль бусаар албан хаагчийг халсан иргэн өөрөө тухайн ажилтны нөхөн төлбөрийг өгдөг болох юм.
Л.Энх-Амгалан: 2010 оноос хойш хууль бусаар төрийн албанаас халагдсан хүмүүсийн нөхөн төлбөрт 10 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ мөнгө татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа. Ажлын байран дээр гаргаад байгаа шаардлагууд нэг хүнд зориулсан байна гэсэн шүүмжлэл их байна. мөн орон нутагт байгаа хүний нөөцийн асуудал байна. Сумын Засаг даргын эрх мэдэл гэж бараг байхгүй болчихсон. Хөвсгөл аймгийн Төмөрбулагт малын эмчээр төгссөн дөрвөн хүүхэд байхад өөр сумаас хүн авчраад тавьчихсан байх юм. Багын дарга сумын төвд амьдардаг, сумын дарга аймгийн төвд байдаг болсон. Энэ асуудлыг яаж зохицуулж байгаа вэ
Т.Тогтохсүрэн: Сүүлийн жилүүдэд олон албан тушаалтан хууль бусаар халагдаж, нөхөн төлбөр авсан. Хууль бусаар халсан буруутай албан тушаалтан хохирогчийн нөхөн төлбөрийг төлнө. Үүнд төрийн албаны зөвлөл хяналт тавина.