УИХ-ын даргыг огцруулах зохицуулалт бүхий Дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногийн чуулганаар эцэслэн баталсан. Хуулийн өөрчлөлтөд үйлчлэх хугацааг нь нэгдүгээр сарын 25 гэж зааж өгсөн юм. Тиймээс өнөөдрөөс Дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэллээ. Үүнтэй холбогдуулан гишүүд УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан.
Түүний дараа УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Гишүүд УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төслийг өргөн барилаа. Би хүлээж авсан. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх ёстой. Гэхдээ УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, яаралтай горимоор хэлэлцэх захирамж гарч байж энэ асуудлыг шийднэ.
Өнөөдөр 13:00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргана. Мөн ТББХ хуралдах ёстой. Өнөөдрөөс хойш хамгийн ойрдоо ирэх долоо хоногийн мягмар гарагт чуулган хуралдах боломжтой байгаа. Тиймээс мягмар гарагийн өглөө 09:00 цагаас ТББХ хуралдаад, дараа нь чуулган орох боломж байна.
Хэдийгээр хуулийн заалт өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэдий ч Дэгийн тухай хуульд зааснаар Төрийн мэдээллийн эмхэтгэлд нийтлэгдсэнээр хуулийг хэрэглэх ёстой. Тэгэхээр ирэх даваа гаригт Төрийн мэдээлэл сэтгүүл хэвлэгдэнэ.
Би сандал ширээтэйгээ зууралдаад байгаа юм байхгүй. Хуулийн дагуу огцроход бэлэн. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ. Дараагийн УИХ-ын даргыг Цагаан сараас өмнө томилуулах хугацааг ч тооцсон байгаа" хэмээлээ.