ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Я.Санжмятав: Дараа нь У.Хүрэлсүхтэй хариуцлага ярина

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-28

УИХ-ын чуулганы мягмар гарагийн хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Я.Санжмятав: Өнөөдөр хоёр сар түгжигдсэн улс төрийн гацаа арилах байх гэж найдаж байна. УИХ-ын даргыг чөлөөлөх саналыг дэмжиж байгаа. Энэ нь М.Энхболд гэдэг ганцхан хүнтэй тэмцэж байгаа асуудал биш. МАНАН гэх бүлэглэлтэй бүхэлд тэмцэж байгаагийн эхлэл. Монголын ард түмний итгэлийг алдаж, төрийн дархлааг сулруулж байна. УИХ-ын даргыг огцруулахын тулд гаргасан хууль Монголын парламентад маш том хар толбо үлдээх хууль болсон. ЖДҮ, 60 тэрбум зэрэг асуудлын хариуцлага М.Энхболд дарга огцорсноор У.Хүрэлсүхэд ногдож байна. Ардчилсан нам тууштай тэмцэнэ гэдгээ албан ёсоор хэлмээр байна. У.Хүрэлсүхтэй дараагийн хариуцлагыг ярих болно. Өнөөдөр эхлэл болгож М.Энхболдыг чөлөөлж байгаа юм.

Ж.Батзандан: Өнөөдөр МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэл өрнөж байна. Энэ мафи Монголын маш олон баялгийг хулгайллаа гэж иргнэд ярьж байна. Цагаан суварга гэх том ордыг ганцхан хүн хулгай хийх боломжгүй. Үүнийг МАНАН бүлэглэл л хулгай хийсэн. Бид шалгаж байгаа. Сүхбаатарын талбайн талыг, урд талын цэцэрлэгт хүрээлэнтэй нь хамт нэгэн хувийн байгууллагад худалджээ. Төв талбайгаа хулгайд алдсан улс манайхаас өөр хаана ч байхгүй. Үүнийг зөвхөн МАНАН мафи л хулгай хийсэн. МАНАН маци хулгайлсан болохоор хуулийн дагуу хулгай юм гэж ярих хүн цөөнгүй байна. Бид ганцхан М.Энхболдтой тэмцээгүй. 20 жил Монголын дээрэмдсэн МАНАН мафи нуран унахыг ард түмэн хүлээж байна. Бүх хуулийн байгууллагууд хувьчлагдсан. Тиймээс МАНАН-г устгах тэмцэлд нэгдэцгээе. МАНАН-гийн “Гал хамгаалагчид” намайг шоронд оруулахыг хүсч байгааг би мэднэ. Гэхдээ шударга ёсны нар удахгүй мандана.

С.Эрдэнэ: М.Энхболд огцроод бүх юм сайхан болчихгүй. Маш олон тулгамдсан асуудлууд байгаа. Нэг хүнд бүх хариуцлагаа үүрүүлээд бусад нь үлдээд дураараа дургина гэж байхгүй шүү. УИХ-ын даргыг огцруулах дуулианаар бүх асуудал, гэмт хэргүүд дарагдаж байна. Шударга үнэний дүрд тоглож боллоо. Засгийн газар ажлаа хийгээч гэж хэлмээр байна. ганцхан Улаанбаатар ч биш, бүх аймгуудад утааны асуудал тулгараад байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудсаар байна. Цалин тэтгэвэр нэмлээ гэж гайхуулаад байх юм байхгүй. Тэр нэмэгдлийг чинь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт залгичихаад байна. Бүгд тарж, ээлжит бус сонгуулиа явуулъя.

Ж.Мөнхбат: М.Энхболд дарга ажлаа өгөх байх. Хамгийн гол эрх барьж байгаа нам ард түмэнд амалсан амлалтаа биелүүлэх асуудал үлдэж байна. 60 тэрбумын хэргийг ярьж, М.Энхболд даргыг огцруулж байна. Үнэхээр 60 тэрбумын хэрэг байсан юм бол МАН-ын нэр дээрээс төрийн албанд ажиллаж байгаа хүн хамаатай болж таарна. МАНАН гэж их ярих юм. дараагийн УИХ-ын даргаар МАНАН-д яваагүй хүнийг сонгох хэрэгтэй байх гэж бодож байна. Насаараа парламентад ажилласан гэж гайхуулдаг хүмүүс МАНАН-гийн үед ажиллаж л байсан хүмүүс. Тиймээс дараагийн УИХ-ын дарга МАНАН дунд байгаагүй хүн байх ёстой.

Чуулган үргэлжилж байна.