УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын даргад дэмжсэн Г.Занданшатарыг томилох эсэх асуудал, мөн Ерөнхий сайдын мэдээлэл зэргийг сонсох юм. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна.
Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн санал дүгнэлтийг танилцуулсан бол, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцууллаа. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн зүгээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн хоёр сайдын асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.
Б.Пүрэвдорж: Хоёр сайдыг огцруулаад хоёр сар болсон. Дахиад хоёр сар болох юм байна. Өнөөдөр, маргаашийн Их хурлаар хэлэлцэхгүй байж байгаад аваад үлдэж байгаа юм байна. Огцорсон сайд хоноцын сэтгэлээр асуудалд хандана. Огцорсон хоёр сайдын асуудлыг урагшлуулж хэлэлцэх санал оруулж байна.
Л.Энх-Амгалан: Хэлэлцэх асуудлыг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталдаг. Өнгөрсөн долоо хоногт даргын зөвлөл хуралдахад Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлт гараагүй байсан. Өчигдөр хуралдсан гэж ойлгосон. НББСШУ-ы байнгын хороо бол хэлэлцчихсэн юм билээ. Д.Дамба-Очир дарга тайлбар өгөх үү.
Д.Дамба-Очир: Эдийн засгийн байнгын хороо хуралдчихсан. Хэлэлцэх асуудлаа шийдчихсэн. Бэлтгэл ажил явж байна.
Б.Пүрэвдорж: Дургүйд хүчгүй гэдэг л болж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая хуралдаад Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэмжээд оруулаад ирлээ. Эдийн засгийн байнгын хороо юугаа хүлээгээд байгаа юм. Та аргалж явсаар байгаад өнөөдрийг хүртэл явсан шүү. Тодорхой шийдэх зүйлээ хурдан шийд. Яаравчлах хэрэгтэй байна.
...Чуулганы хуралдаан үргэлжилж байна.