ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН хүүхдүүдэд тахимаа өглөө

O.Admin
2018-04-30

МАН-ынхан тахимаа өгөхөөр боллоо. Тод­руулбал, УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар хүүхдийн мөнгө буюу сар бүр олгодог 20 мянган төгрөгийг 80 хувь эсвэл 100 хувьд олгох гэсэн хоёр хувилбарын аль алийг нь сонголоо. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс хууль санаачлах эрхийнхээ хүрээнд хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан билээ.

Хуулийн төслүүдийн ялгаа нь Ерөнхийлөгчийн зүгээс хүүхдийн мөнгийг ялгахгүйгээр 100 хувь олгох ёстой гэсэн байр суурьтай байгаа бол Засгийн газраас 80 хувьд нь олгох боломжтой хэмээн үзсэн юм. Тэгвэл баасан гарагийн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгч болон Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг нэгтгэж, ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргалаа. Өмнө нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар олонхийн санал авч чадалгүй унасан ч хүүхдийн мөнгөний асуудлаар улстөржихгүй, зөв шийдвэр гаргах ёстой гэж УИХ-ын гишүүдийн олонхи дэмжлээ.

Өөрөөр хэлбэл, улстөржилт, маргаан дагуулсан хүүхдийн мөнгө эзэндээ 100 хувь олгогдох боломж бүрдэв. Мөн хуралдааны үеэр МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэж тусгасан. Тиймээс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдлээ гэсэн байр суурийг хүртэл УИХ-ын гишүүд хэлж байсан юм. ОУВС гэх хадны мангаагаар бамбай хийж, тайлбар өгөөд суудаг байсан МАН-ынхан Засгийн газраас өргөн барьсан хуульд шүүмжлэлтэй хандаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн гэж харагдахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь энэ юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох төслийг би дэмжиж байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэх шийдвэр гаргасныхаа төлөө огцорч байсан юм. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох боломж бий. МАН 2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно гэж амласан. Сангийн сайд ажлаа хийж чадахгүй байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжтой. Засгийн газар ОУВС-тай ямар зарчмаар ярилцаж байгааг би мэдэхгүй. 2018 оны төсөвт тодотгол хийгээд хүүхэд бүрт олгох боломжтой” хэмээн байр сууриа илэрхийлэв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хүүхдийн мөнгийг олгох хоёр хууль байгаа түүнийг нэгтгээд, хүүхэд бүрт 100 хувь олгох төсөлд ажлын хэсэг гаргаад ойлголцоод явах ёстой. Хүүхдийн асуудлаар улстөржих шаардлагагүй.

МАН ирэх сонгуулийн өмнө одоо хүүхэд бүрт олгох боломжтой боллоо гэж улстөржих гэж байгаа гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс нэн яаралтай төсвийн тодотгол хийгээд явах ёстой” гэлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хүүхдийн мөнгийг өмнөх дөрвөн жилийн Засгийн газар 100 хувь, Ж.Эрдэнэбатын Засгийн газар мөн 100 хувь олгож байсан. Бүх бүтээгдэхүүний үнэ шалан дээр унасан, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан ийм цаг үед хүүхдийн мөнгийг хасч байгаа. МАН мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаварлахгүй олгоно гэх мэтээр бичсэн байна. Тэгэхээр энэ зүйлүүд дээр аль, аль талдаа ойлголцоод, дэмжээд явах ёстой гэж бодож байна.

Техникийн хувьд төсвийн тодотгол хийгээд хүүхдийн мөнгөө хүүхэд бүрт олгоод явах нь зөв юм. Хүүхдийн мөнгөний талаар намын харьяалал харгалзахгүй дэмжээд өгөөч гэж Ерөнхийлөгч хүсч байгаа” хэмээлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг дэмжиж байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгөх ёстой. 2005 оны зургадугаар сарын 01-нээс эхлэн олгож эхэлсэн. Энэ үед амьжиргааны төвшнөөс доогуур өрхийн хүүхдүүдэд өгч байсан. 2007 оноос хүүхэд бүрт 10 мянган төгрөгөөр олгож эхэлсэн. Ер нь бол үе үеийн Засгийн газар хүүхдийн мөнгөн дээр улстөржиж байсан ч дандаа 100 хувь олгож байсан түүхтэй” гэсэн юм.