ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ээлжит бус чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-03-05

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай саналыг УИХ-д хүргэсэн. Уг саналд ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 1-нд зарлахыг хүссэн юм. Гэвч зургаа хоног өнгөрөөд буй.

Одоогоор УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, энэ асуудлыг хэлэлцээгүй байгаа. Саналыг хэлэлцвэл УИХ-ын дарга захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг зарлана гэдгийг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн.

Ээлжит бус чуулган зарлагдсан нөхцөлд ЖДҮ-ийн зээлд оролцсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирж болзошгүй байгаа. Тиймээс УИХ энэ асуудалд яарахгүй байна гэх таамаг ч дэвшиж буй.

Өмнө нь нэр бүхий таван гишүүнийг ЖДҮХС-гаас албан тушаалаа хэтрүүлэн зээл авсан үндэслэлээр прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирсэн ч хүлээн аваагүй аж.