УИХ-ын ээлжит бус чуулганаар намрын чуулганы хугацаанд хэлэлцэхээр товлосон ч амжаагүй Татварын багц тухай хуулийн төсөл, Тендерийн хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон байна. Татварын тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг дэмжсэн хэд хэдэн заалт орсон аж. Тухайлбал, эрх борлуулсны орлогыг нийт дүнгээс 30 хувиар тооцдог байсныг ашгаас 10 хувиар тооцдог болгож бууруулах, мөн хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжсан хувьцааны ногдол ашигт ногдох татварыг таван хувь, арилжааны банкуудын зээлийн хүүгийн орлогод ногдох татварыг таван хувь болгож бууруулахаар төсөлд тусгасан байна.
Тэгвэл, Тендерийн тухай хуулийн төсөлд Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг бусад оролцогчийн тендерээс 20 хувиар бууруулж тооцох заалтыг оруулжээ. Мөн гүйцэтгэх тендерийн үнийг бууруулж тооцох хувийг 7.5-аас 10 болгож нэмэгдүүлэх зэрэг дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн заалтууд орсон аж. Харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд алтны нөөц ашигласны татвар хөнгөлөлттэй буюу 2.5 хувь байсныг таван жилээр сунгах заалт тусгагдсан байна. Хөнгөлөлтийн хугацаа дуусгавар болсноор Төв банканд тушаагдсан алтны хэмжээ огцом буураад байгаа аж.