"Ливерпүүл" Францын "Лион" клубыг нөхөрсгөөр хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-01

Хөлбөмбөгийн 2019-2020 оны улирал түрүүчээсээ эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлдээд байна. Шинэ улирал эхлэх дөхсөн энэ үед багууд нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэлээ базааж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Английн "Ливерпүүл" клуб Францын "Лион" багийг хүлээж авч, нөхөрсөг тоглолт хийлээ. Энэхүү тоглолтод Английн баг өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авсан юм. 

"Ливерпүүл"-ийн урд шугамд Мане, хамгаалалтад Ван Дайк, Александер Арнолд зэрэг гарааны тоглогчид байгаагүйг эс тооцвол шилдэг тамирчид нь оролцсон. Тиймдээ ч өрсөлдөгчөө төвөггүйхэн буулгаж авав. Тоглолтын 4 дэх минутад "Лион"-оос Депай гоолдсон. Алиссон Бекер бөмбөг барьж чадалгүй алдаж, улмаар Депайг торгуулийн талбайд унагасан нь гоолын үндэс болсон юм.

Тэгвэл 17 дахь минутад Фирмино хариуг нь барьж тэнцүүлсэн бол 4 минутын дараа "Лион"-ы хамгаалагч Андерсон өөрийнхөө хаалганд гоол оруулах нь тэр. Харин тоглолтын эцсийн цэгийг Харри Уилсон 53 дахь минутад хатгаж, 16-гийн гаднаас цөм цохин гоол оруулснаар  багийнхаа хожлыг баталгаажуулсан юм.