"Барса" Неймарын наймаанд Коутиньо, Ракитич нарыг оролцуулах санал тавьжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-14

Испанийн "Барселона" клубын удирдлагууд "ПСЖ" багт хүчин зүтгэж байгаа Неймарыг буцааж авчрахаар ажилласан хэвээр байна. Өчигдөр хоёр тал хэлэлцээр хийжээ. Каталоны багийн захирал Эрик Абидал, дэд захирал Хавьер Бордас нар "ПСЖ" клубын спортын захирал Леонардо нар уулзаж, хэлэлцээр хийсэн байна. 

Хэлэлцээр үр дүнд хүрч, эцсийн байдлаар наймааг тохироогүй ч нааштай байгаа аж. "Барселона" клубын тал ч наймаа бүтэх магадлалтай гэсэн найдлагатай үлджээ. "ПСЖ" анх Неймарын төлөө 100 сая евро нэмээд Коутиньо,  Нелсон Семеду гэсэн нөхцөл тавьж байсан. Харин "Барса" энэ саналыг хүлээж аваагүй.  Тэгвэл өчигдрийн хэлэлцээрээр Неймарын наймаанд Коутиньо болон Ракитич нарыг оролцуулахаар болжээ. 

Харин хоёр хөлбөмбөгч дээр нэмээр хэдэн саяыг өгөх тал дээр талууд тохиролцоонд хүрч чадахгүй байгаа аж. "ПСЖ" 100 саяыг шаардаж байгаа бол "Барса" 50-ыг санал болгожээ. Гэхдээ "ПСЖ" клубын удирдлагууд Неймарыг хурдан зарах хүсэлтэй байгаа учир "Барса"-гийн саналыг зөвшөөрч магадгүй болжээ.