“Ливерпүүл” дөрөв дэх хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-01

Английн премьер лигийн дөрөвдүгээр тойргийн эхний тоглолтууд боллоо. Хүснэгтийг 100 хувийн амжилтаар тэргүүлж явсан “Ливерпүүл” клуб энэ тойрогт “Бөрнли”-гийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 4 дэх ялалтаа авч, 12 оноотой, 100 хувийн амжилттай хүснэгтийн тэргүүллээ хадгалж байна.

Тоглолтын 33 дахь минутад Александер-Арнолдын дамжуулсан бөмбөг Крис Вудын нуруунд ойж, хаалганд орсон. Тэгвэл 37 дахь минутад Мане энэ улирлын 2 дахь гоолоо оруулсан юм. Улмаар Фирмино 80 дахь минутад мөн хоёр дахь гоолоо оруулж, багтаа ялалт авчирлаа.

Тэгвэл “Тоттенхэм”-д оноо алдсан “Манчестер Сити” энэ тойрогт “Брайтон”-ыг талбайдаа хүлээж авч, 4:0-ээр “шүүрдээд” буцаалаа. Ингэснээр 10 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 2 дахь минутад Кевин де Брюйне гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь 42, 55 дахь минутад Агуэро хоёрыг оруулж, гангарсан. Ийнхүү тэрбээр эхний 4 тойрогт 6 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна. “Сити”-гийн үлдсэн нэг гоолыг Бернарду Силва 79 дэх минутад оруулсан.

Бусад тоглолтын үр дүн

 Саутгэмптон 1-1 Манчестер Юнайтед

Ньюкасл 1-1 Уотфорд

Лестер 3-1 Борнмут

Кристал Палас 1-0 Астон Вилла

Вест Хэм 2-0 Норвич

Челси 2-2 Шеффилд Юнайтед