Португал В хэсэгт эхний ялалтаа авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-08

Европын аваргын урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа. Өнгөрсөн шөнө Португалын шигшээ баг хэсгийн гурав дахь тоглолтоо Сербийн талбайд зочилж хийлээ. Сербийн хувьд дөрөв дэх тоглолт нь байсан. Энэхүү тоглолтод Португалын шигшээ өрсөлдөгчөө 2:4-өөр буулгаж авч, 5 оноотойгоор хэсэгтээ хоёрдугаар байрт бичигдэж байна. 

Өмнө нь хоёр тэнцээд байсан Европын аваргууд ийнхүү анхны хожлоо авлаа.  Тоглолтын 42 дахь минутад Вильяам Карвалью гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь Гедеш 58  дахь минутад нэгийг нэмсэн юм. Харин Сербийн шигшээгээс 68 дахь минутад Миленкович гоолдож, тооны харьцааг ойртуулсан. 

Гэвч Роналдо 80 дахь минутад багийнхаа гурав дахь гоолыг оруулсан юм. Сербийн шигшээ цаг дуусахаас өмнө буюу 85 дахь минутад Митровичийн гоолоор дахиад харьцааг ойртуулсан боловч минутын дараа Бернарду Силва хариуг нь барьж, багийнхаа хожлыг баталгаажууулсан юм.  

Энэ хэсгийг тасархай тэргүүлж байсан Украины шигшээ 5 дахь тоглолтоо Литвын талбайд зочилж хийж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 13 оноотой болж, хэсэгтээ ганц ч хожигдоогүй хэвээр байна. Тоглолтын 7 дахь минутад Зинченко гоолдсон бол 20 минутын дараа Марлос нэгийг нэмжээ. Улмаар Малиновский 61 дэх минутад гүйцээж, багийнхаа хожлыг баталгаажуулсан байна.