“Арсенал” оноо алдаж, “Эвертон” хожигдлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-16

Английн премьер лигийн 5 дугаар тойргийн зарим тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт “Ливерпүүл” хожиж, 15 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа. Харин “Сити” хожигдож, 10 оноотой удаалж байна. “Тоттенхэм”-ийн хувьд хожсон, 8 оноотой байгаа. Ерөөс 3-7 дугаар байрын багууд бүгд 8 оноотой жагсч байна.

Өчигдөр “Арсенал” клуб “Уотфорд”-ын талбайд зочилж, 2:2-оор тэнцсэнээр 8 оноотой 7 дугаар байрт бичигдэж байгаа юм. Уг нь 21, 32 дахь минутад Обамеянг дубль хийж, 5 дахь гоолоо оруулсан.  Энэ үр дүнгээ хамгаалж чадсан бол “Сити”-тэй оноо тэнцэж, гуравдугаар байр руу орж ирэх боломжтой байсан. Гэвч 53, 81 дэх минутад гоол алдаж, улирал эхэлснээс хойш ганцхан оноотой байсан “Уотфорд”-тай тэнцсэн юм.

Тэгвэл энэ тойрогт “Борнмут”-ын талбайд “Эвертон” зочилсон. Ливерпүүл хотын баг улирлыг тун ч өнгөтэй эхлүүлж, 4 тойрогт 7 оноотой байсан юм.  Гэвч тэдний сайн тоглолтыг “Борнмут” талбайдаа нурааж, 3:1-ээр хожсоноор 7 оноотой болж, 8 дугаар байрт бичигдэж эхэллээ.

Тоглолтын 23, 72 дахь минутад талбайн эздээс Уилсон хоёрыг оруулж, Фрэйзер 67 дахь минутад нэгийг нэмсэн. Тэгвэл зочин багаас Кэлвэрт-Льюин 44 дэх минутад нэр төрийн ганц гоол оруулжээ.