Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2019-2020 оны улирал эхэллээ. Өнгөрсөн шөнө E, F, G, H хэсгийн эхний тоглолтууд болсон юм. Тэгвэл Е хэсэгт багтсан аваргыг хамгаалагч “Ливерпүүл” клуб Италийн “Наполи”-гийн талбайд зочилж, 2:0-ээр хожигдлоо. Өнгөрсөн улиралд хоёр баг мөн л нэг хэсэгт багтаж, “Наполи” талбайдаа 1:0-ээр хожиж байсан.
Энэ удаад Мертенс 82 дахь минутад торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн. Харин Льоренте 90+2 дахь минутад “Ливерпүүл”-ийн хамгаалагчдын алдааг ашиглаж, дахин нэг гоол нэмэрлэсэн юм. Ингэснээр “Наполи” энэ хэсгээс гарах боломжоо улам нэмлээ.
Нөгөө талд Австрийн “Ред Булл” клуб Бельгийн “Генк”-ийг талбайдаа хүлээж авч, 6:2-оор бутниргэлээ. Энэ тоглолтод Эрлинг Холанд хэмээх 19 настай Норвеги хүү гангарч, 2, 34, 45 дахь минутад гурван гоол оруулж, хет-трик толилуулсан юм. Тэгвэл Хван Хи Чан 36, Собослаи 45, Ульмер 66 дахь минутад нэг нэгийг нэмэрлэжээ. Бельгийн багаас Лукуми 40, Саматта 52 дахь минутад нэг нэг гоол оруулсан.
Тэгвэл Н хэсэгт багтсан “Челси” клуб эхний тоглолтоо талбайдаа Испанийн “Валенсия”-тай хийлээ. Гэвч Лондоны “Цэнхэрүүд” талбайдаа 0:1-ээр хожигдов. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 74 дэх минутад Родриго оруулж, багтаа хэрэгтэй хожил авчирлаа.
Нөгөө талд Голландын “Аякс” клуб талбайдаа Францын “Лилль”-ийг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр Н хэсгийг тэргүүлж эхлэв. Тоглолтын 18 дахь минутад Промес тооны харьцааг нээсэн бол Альварес 50 дахь минутад нэгийг нэмжээ. Харин 62 дахь минутад Тальяфико нэгийг нэмж, “Аякс” эхний ялалтаа авлаа.