Аваргуудын лигийн F хэсгийн хоёр тоглолт болж, хоёулаа тэнцээгээр өндөрлөлөө. Италийн “Интер “клуб талбайдаа Чехийн “Славия Прага” багийг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр айлын талбайд гоол оруулсан үзүүлэлтээр “Славия” энэ хэсгийг тэргүүлж байна. Тоглолтын 63 дахь минутад Олайинка гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин “Интер”-ээс 90 дэх минутад Барелла гоолдож, багаа хожигдох аюулаас гэтэлгэжээ.
Нөгөө талд Германы шилдэг баг “Боруссия Дортмунд” клуб талбайдаа Испанийн “Барселона”-г хүлээж авч, гоолгүй тэнцлээ. Энэ тоглолтод “Барса”-гийн бүх шилдгүүд оролцсон. Месси бэртлээс эргэн ирж, сэлгээгээр талбайд гарсан ч Германы багийн хаалганд гоолдож чадсангүй. Эсрэгээрээ “Боруссия Дортмунд” ч гэсэн бүхий л шилдэг тоглогчдоо гаргаж, илүүрхэж тоглосон ч гоол оруулж чадсангүй.
Тэгвэл G хэсэгт багтсан Португалын “Бенфика” клуб талбайдаа Германы “Лейпциг” багийг хүлээж авсан ч 1:2-оор хожигдлоо. Тоглолтын 69, 78 дахь минутад Тимо Вернер хоёр гоол оруулж, багтаа ялалт авчирсан. Эзэн багаас нэр төрийн ганц гоолыг Сеферович 84 дэх минутад оруулсан юм. Ийнхүү “Лейпциг” эхний тойргоос хэсгээ тэргүүлж эхэллээ.
Нөгөө талд Францын “Лион” клуб Оросын “Зенит”-ыг талбайдаа хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын 41 дэх минутад Азмун гоолдож, Оросын баг тэргүүлж эхэлсэн. Харин 51 дэх минутад Депай торгуулийн цохилтоос тэнцүүлжээ.