Узбекстаны Ташкент жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болно. Манайхаас 4 бөх барилдах юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд зодоглоно. Манай бөх эхний тойрогтоо эзэн орны тамирчин Карамат Хусеновтай барилдахаар оноолт таарлаа. Ялбал Японы Кога Женкитэй барилдана.
66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх гэсэн туршлагатай мастерууд барилдах юм. Д.Төмөрхүлэг А хэсэгт багтаж, эхний тойрогтоо эзэн орны бөх Артём Штурбабинтай барилдахаар оноолт таарлаа. Харин Д.Алтансүх С хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Киргизстаны Алтянбек Уулутай барилдана.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д залуу мастер Г.Наранцэцэг барилдана. Манай бөх эхний тойрогтоо хийлж, удаах тойрогт Казахстаны Саиул Улданатай барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл 52-т зодоглож буй Б.Хорлоодой Казахстаны Яралиева Нурсулутай эхний тойрогтоо учраа таарав. 57 кг-д манайхаас бөх зодоглоогүй.