Чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд зодоглосон ОУХМ Т.Тулга дагах барилдаанаа 2018 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Германы Александр Семисоровтой хийж 8:0-ээр яллаа. Ийнхүү Т.Тулга Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирч байна. Тэрбээр 20:00 цагт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Энэтхэгийн Бажранг Пуньятай хүрэл медалийн төлөө барилдана.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран эхний барилдаанаа Польшийн дагестан легионер Магомедмурад Гажиевтэй хийж, 4:2-оор ялагдлаа. Манай бөхөд дагах боломж бий.
Мөн 125 кг-д зодоглосон Д.Хүдэрбулга эхний тойрогтоо Азийн хошой аварга Ираны Ядоллах Мохебитэй хүч үзэж 6:1-ээр ялагдсан юм. Одоо тэрбээр Мохебитийг финалд шалгарах боломжийг хүлээх л үлдлээ.