Манай бөхчүүд бүгд ялагдлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-21

Казахстаны нийслэл Нур-Султан хотноо чөлөөт бөхийн ДАШТ болж байгаа. Тэгвэл өнөөдөр манайхаас 4 бөх дэвжээнд гарч барилдсан ч бүгд ялагдлаа.  

86 кг-ын жинд барилдсан ОУХМ Оргодолын Үйтүмэн  Польшийн Збигнев Барановскид 3:3-аар сүүлийн оноогоор ялагдсан. Тэгвэл 61 кг-ын жинд барилдсан Т.Түвшинтулга  эхний даваандаа Японы Кайки Ямагүчиг 3:2-оор ялсан. Гэвч  1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн болон Европын аварга, сүүлийн хоёр жилийн ОХУ-ын аварга Магомедрасул Идрисовт 1:4-өөр ялагдлаа. Ингэснээр манай бөх өрсөлдөгчөө хүлээхээр болж байна.

79 кг-ын жинд барилдсан  ОУХМ Доржваанчигийн Гомбодорж эхний даваанд БНХАУ-ын Лин Зепинийг 11:8-аар ялсан. Гэвч   1/8 шигшээд  өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Хойд Осетоос гаралтай Словакийн Таймураз Салказановтой хийж 1:2-оор ялагдлаа. 

97 кг-ын жинд барилдсан  ОУХМ Өлзийсайханы Батзул   1/4 шигшээд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Польшийн нээлттэй тэмцээний аварга эзэн орны Алишер Йергалид оноогоор цэвэр (0:10) ялагдав.