“Ливерпүүл” Лондонд “Челси”-г хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-23

Английн премьер лигийн 6 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өчигдөр орой боллоо. Эхний таван тойрогт бүгдэд нь хожоод байсан “Ливерпүүл” клуб энэ удаад Лондонд “Челси”-гийн талбайд зочилсон.  Хамгаалалтын шугам нь нимгэн байгаа “Челси” хүчирхэг “Ливерпүүл”-тэй эн тэнцүү өрсөлдөж, 1:2-оор хожигдлоо.

Ингэснээр “Челси” 8 оноотой хэвээр үлдэж, 11 дүгээр байр руу “шидэгдлээ”. Харин “Ливерпүүл” 6 дахь хожлоо авч, 18 оноотой, 100 хувийн амжилтаа үргэлжлүүлж байна. Мэдээж тэд хүснэгтийг “Сити”-гээс 5 онооны зөрүүтэй тэргүүлж байгаа. Тоглолтын 14 дэх минутад Александер-Арнолд чөлөөт цохилтоос гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас Фирмино 30 дахь минутад улирлын 3 дахь гоолоо оруулсан юм. Тэгвэл “Челси”-гээс итгэл найдвар авчирсан нэг гоолыг Канте 71 дэх минутад оруулсан. Түүнээс хойш “Цэнхэрүүд” 20 гаруй минут довтолсон ч гоолдож чадаагүй юм.

Энэ тойрогт Лондоны өөр нэг баг болох “Арсенал” талбайдаа “Астон Вилла”-г хүлээж авч, хүндхэн тоглолтын дараа 3:2-оор буулгаж авлаа. Тоглолтын 20 дахь минутад зочин багаас Макгинн гоолдож, тооны харьцааг нээсэн. Энэ гоолоос 21 минутын дараа “Арсенал”-ын хамгаалагч Мэйтланд-Найлз хоёр шар хуудсаа авч, талбайг чөлөөлсөн. Гэвч хүн дутуу гээд “Их буучид” бууж өгөлгүй, 59 дэх минутад Пепе торгуулийн цохилтоос тэнцүүлж дөнгөсөн юм.

Энэ гоолоос ердөө ганцхан минутын дараа зочин багаас Уэсли гоолдож, дахин “Астон Вилла” тэргүүлж эхэлсэн. Харин 81 дэх минутад Чемберс тэнцүүлсэн бол 84 дэх минутад Обамеянг нэгийг нэмж, том багийн зангаргийг харууллаа. Ийнхүү “Арсенал” 11 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Бусад тоглолтын үр дүн

Кристал Палас 1-1 Вулверхэмптон

Вест Хэм 2-0 Манчестер Юнайтед