Өнөө шөнө аваргуудын “тулаан” болно 

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-15

Дэлхийн аваргын В хэсгийн өөр нэг тоглолт болох Португал болон Испанийн шигшээн “тулаан” өнөө шөнө Улаанбаатарын цагаар 02:00 цагт эхэлнэ.  2016 онд Европын аварга болсон,  Роналдо, Андре Силва зэрэг шилдгүүдийг эгнээндээ багтаасан Португалын шигшээтэй Европ, Дэлхийн аварга, Диего Коста, Иско, Давид Сильва, Иньеста тэргүүтэй Испанийн шигшээ тулна гэхээр яах аргагүй хэсгийн шатны хамгийн сонирхолтой тоглолт болно.

Хоёр баг хамгийн сүүлд гурван удаа хоорондоо таарч, хожил, хожигдлын харьцаа тэнцүү байгаа юм. 2010 оны зургадугаар сарын 29-нд учраа таарахад Испани 1:0-ээр өрсөлдөгчөө хожсон. Харин 2010 оны арваннэгдүгээр сарын 17-нд таарч тоглоход Португал 4:0-ээр буулгаж авсан. Тэгвэл 2012 оны зургадугаар сард хоёр баг хуурай тэнцжээ.

Португалын хувьд сүүлд хийсэн 5 тоглолтынхоо хоёрт нь хожиж, хоёрт нь тэнцэж, нэг хожигдсон. Тухайлбал, Египетийг 2:1, Алжирыг 3:0-ээр буулгаж авсан. Тунистай 2:2, Бельгитэй 0:0-ээр тэнцсэн бол Недерландад 3:0-ээр хожигдсон юм. Хожлын хувь 53.

Испанийн тухайд сүүлийн таван тоглолтынхоо 2-т нь хожиж, гуравт нь тэнцсэн. Оростой 3:3, Германтай 1:1, Шведтэй 1:1-ээр тэнцэж байсан. Харин Аргентиныг 6:1, Тунисыг 1:0-ээр хожсон. Хожлын хувь 60.

Хоёр багтай холбоотой зарим статистик мэдээлэл.

Португал

-Португал болон Испанийн шигшээ багууд В хэсгийн гол фоварит. Энэ хоёр баг нэг, хоёроор хэсгээс гарах боломжтой.

-Португалын шигшээ сүүлийн хоёр дэлхийн аваргынхаа нээлтийн тоглолтод хожиж чадаагүй. 2010 онд  Côte d’Ivoire улсын шигшээтэй 0:0-ээр тэнцсэн. Тэгвэл 2014 онд Германд 4:0-ээр хожигдсон.

-Криштиано Роналдо Португалын шигшээн хамгийн гол тоглогч байх болно. Тэрбээр “Реал Мадрид”-ын хамтаар Аваргуудын лигт 3 дараалж түрүүлсэн.

Испани

-Испанийн шигшээ 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд Италид хожигдсоноос хойш хожигдоогүй. Хамгийн сүүлд Тунисыг хожих хүртлээ тэд 20 тоглолтод ялагдал хүлээгээгүй.

-2010 оны ДАШТ-ий шөвгийн 16-д Испанийн шигшээ баг Португалыг 1:0-ээр хожсон.