Роналдо дэлхийн аваргын 51 дэх хет-трикийг хийлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-16

Португалын шигшээ багийн ахлагч Криштиано Роналдо өчигдөр Испанийн эсрэг гангарч, хет-трик толилуулсан юм. Ингэснээр Португал хүчирхэг Испанийн багтай 3:3-аар тэнцэж, нэг оноо авсан. Тэгвэл Роналдогийн оруулсан 3 гоол маш олон рекорд амжилтыг араасаа дагууллаа.

Юуны өмнө Роналдо 4 дэлхийн аварга дараалж гоол оруулсан 4 дэх хөлбөмбөгч боллоо. Агуу Пеле, Германы хөлбөмбөгч Увай Селлер нар 1958, 1962, 1966, 1970 оны дэлхийн аваргад гоол оруулсан. Тэгвэл дэлхийн аваргын бүх цаг үеийн мэргэн бууч Мираслов Клозе 2002, 2006, 2010, 2014 оны дэлхийн аваргад гоолдож байсан юм. 

Мөн Роналдо 4 дэлхийн аварга, 4 Европын аварга, нийтдээ 8 том тэмцээнд бүгдэд нь гоолдож чадсан анхын хөлбөмбөгч боллоо. Евро 2004, 2008, 2012, 2016 тэмцээнд гоол оруулж байсан.

Тэгвэл Роналдо ДАШТ-д хет-трик хийж байгаа хоёр дахь Португал хөлбөмбөгч боллоо. Мөн тэрбээр дэлхийн аваргын түүхэн дэх 51 дэх хет-трикийг хийсэн. Хамгийн сонирхолтой нь энэ нь түүний замналын 51 дэх хет-трик болжээ. Мөн дэлхийн аваргад нэг тоглолтод нэгээс илүү гоол оруулж байгаа анхны тохиолдол нь юм. Ингэснээр Роналдо нийтдээ дэлхийн аваргад 6 гоол оруулаад байна.

Мөн тэрбээр шигшээ багийнхаа төлөө 151 тоглолтод оролцож, 84 гоол орууллаа.  Ингэснээр Унгарын домогт хөлбөмбөгч Перенц Пушкаштай зэрэгцэж, шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан тамирчдын жагсаалтын хоёрдугаарт орж ирлээ.  Одоо түүний өмнө Ираны төлөө 109 гоол оруулсан Али Даеи л бичигдэж байна.