Месси торгуулийн цохилт алдаж, Аргентин тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-17

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний D хэсгийн тоглолтууд өчигдөр болсон. Энэ хэсгийн хамгийн хүчирхэг  баг болох Аргентины шигшээ эхний тоглолтоо Исландтай хийсэн. 2016 оны Европын аваргаар шуугиан тарьж, шөвгийн наймд үлдэж байсан Исланд энэ удаад ч сенсацийн эзэн боллоо. Тэд хүчирхэг Аргентинтай 1:1-ээр тэнцэж, дэлхийн аваргын эхний оноогоо авсан юм.

Тоглолтын 19 дэх минутад Агуэро гоолдож, тооны харьцааг нээсэн.  Харин 23 дахь минутад Финнбогасон хариуг нь барьж, тэнцүүлсэн юм. 64 дэх минутад Месси торгуулийн цохилтоос багтаа тэргүүлэл авчрах боломж гарч ирсэн ч гоол оруулж чадаагүй юм. Ийнхүү Аргентин хэсгийнхээ хамгийн сул гэж хэлж болохоор багтай тэнцлээ.

Харин нөгөө талд Хорватын шигшээ баг Нигеритэй тулж, 2:0-ээр буулгаж авснаар хэсгээ тэргүүлж эхэллээ. Хорват одоо Исландын хожоод, Аргентинаас оноо салгаж дөнгөхөд хэсгээ тэргүүлэх боломжтой. Тоглолтын 32 дахь минутад Этебо өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, Хорватуудад тэргүүлэл бэлэглэсэн. Улмаар 71 дэх минутад Модрич торгуулийн цохилтоос хожлын гоол оруулж, багтаа 3 оноо авчирсан юм.