УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Та бүхэн уулзалт зохион байгуулаад, баяр наадмаа хэрүүлгүй хийхээр тохиролцсон гэсэн мэдээлэл байна. Гэтэл та үүнийг зөвшөөрөөгүй гэж байна. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Тийм зүйл байхгүй. Гуравдугаар сард ээлжит “Их эе”-ээ хийчихээд хийсэн. Санал бодол зөрүүтэй нөхөдтэйгээ уулзсан. “Их эе”-ээ хийгээд шинэ дүрмээ танилцуулсан. Нөгөө талаас Л.Чинбат, А.Сүхбат, Б.Гантогтох нар байр сууриа илэрхийлсэн. Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхгүй гэдгийг Б.Гантогтох хэлсэн байна лээ. Тэгээд ч би тэгж хэлж байгаа бол дэвшихгүй гэдгээ хэлсэн. Бидний зүгээс байнга санаачилга гаргаж, Цэцдийн зөвлөл, Их эеээ хуралдуулах гээд асуудлуудаа ярилцаад шийдсэн. Түүний дараа Л.Чинбат аваргуудтай уулзсан. Тэр уулзалтаар Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатар, Б.Гантогтох нарыг томилох саналаа илэрхийлэхэд нь бид хүлээн зөвшөөрсөн. Гэвч өмнөх саналуудаа өөрчилж, дахин өөр хүмүүсийг нэр дэвшүүлэх, солих асуудал ярьж эхэлсэн. Бидний зүгээс тэдний тавьсан саналуудыг Их эе хурлаараа шийднэ гэдгээ тайлбарласан. Ийм л нөхцөл байдалтай байна.
-Ийм нөхцөл байдалд хүргэсэн хариуцлагыг хэн хүлээх юм бэ?
-Баяр наадмын комиссын дарга аваргуудыг хүлээн авч уулзсан шүү дээ. Аваргууд зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Монгол бөхийн жудаг, уламжлалаар үлгэрлэсээр ирсэн. Төрийн баяр наадам хуулиараа зохион байгуулагдаад ирсэн. Барилдаанд оролцохгүй гэх бөх гарахгүй байх. Хэн нэг нь оролцохгүй бол оролцох хүмүүс нь оролцоод, авдаг цолоо аваад явах байлгүй дээ.
-Допингийн асуудал байгаа шүү дээ?
-Энэ бол хамгийн ноцтой зүйл. Хуучин бөхийн холбоо л допингийн асуудлыг гаргаж ирсэн. Допингтой холбоотой асуудлыг хэдхэн сайн дурын хүмүүс ТББ хийж, хүний эрхэд халдаж байна гэх буруу ойлголтыг яриад байгаа юм. Монголын допингийн байгууллага дэлхийн Допингийн эсрэг байгууллагын салбар байгууллага гэж бий. Энэ байгууллага бүх л спортын тамирчдаас допингийн шинжилгээ авдаг. Би допингтой холбоотой асуудал хатуу байр суурьтай байдаг. Одоо ч тэр.