Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саеид Моллаей Чиндаогийн “Мастерс” тэмцээнд Монголын төлөө барилдахаар болсон гэх мэдээлэл https://judoinside.com/ сайтад тавигджээ. Тус мэдээлэлд “Моллаей нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзжээ.
Тэрбээр, энэ оны ДАШТ-д Засгийн газрынхаа шийдвэрийг үл тоон барилдсан учраас асар их заналхийлэлд өртсөн юм. Тиймээс Ирандаа очилгүй, Герман улсад улс төрийн орогнол хүсч байсан. Улмаар, Чиндаогийн “World masters”-т ОУОХ-ны далбаан дор, дүрвэгчдийн багийн нэр дээр оролцох ёстой байлаа. Гэсэн ч тийм зүйл болсонгүй. IJF-ийн вэбсайт дээр түүнийг шилжсэнийг бататгах мэдээлэл орж, Монголын багт багтсаныг та аль хэдийнэ харсан байх. Тэр өөр улсын нэр дээр барилдсан тохиолдолд олимпын нь оноог нь тэглэх ёстой ч тийм зүйл болохгүй гэж мэдэгджээ. Дэлхийд чансаагаараа гуравт жагсаж байгаа бөгөөд түүний барилддаг 81 кг-ийн жинд Монгол Улс мөн чадалтай бөхтэй.
Монголын анхны тулаанч У.Отгонбаатар дэлхийд чансаагаараа 17-р байр, Н.Дагвасүрэн 27-р байрт оржээ. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өөрийнх нь бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гайхалтай алхам юм. Монгол Улс өмнө нь хэд хэдэн тамирчдаа Азербайжанд алдаж, Н.Дагвасүрэн нарын гурван тамирчин 2018 онд Арабын нэгдсэн Эмират улсад очих гэж байсан ч шилжүүлэг цуцлагдсан.
Монгол Улс 2004 оноос хойш дараалан олимпын медаль хүртэж байгаа бөгөөд жүдоч Ерөнхийлөгчтэй болсноор тамирчдынх нь хүсэл тэмүүлэл улам хүчтэй болсон билээ. Моллаейтай хамт Монгол Улс медалийн буухиагаа үргэлжлүүлэх хөшүүрэгтэй боллоо” хэмээн бичсэн байна.