Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын шинэ улирал 12-р сарын 21-нд “Сонирхогчдын цом” тэмцээнээр нээлтээ хийнэ. Тэгвэл МХБХ, тэр дундаа холбооны шүүгчид шинэ улирлын бэлтгэлээ нягт нямбай базаасаар байна.
Шүүгчдийн хамрагддаг хамгийн өргөн цар хүрээтэй, өндөр ач холбогдолтой ОУХБХ-ны футзалын шүүгчийн сургалт /FIFA Futsal refereeing course/ өнөөдөр эхэлсэн нь үүний нэг жишээ юм.
Сургалтын нээлтэд МХБХ-ны Ерөнхийлөгчийн Зөвлөх Ш.Жаргалсайхан, Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр, Тэмцээн Зохион Байгуулах хэлтсийн дарга С.Жаргал, Гадаад Харилцааны Захирал С.Монголжингоо болон АХБХ-ны сургагч багш Бадрул Хишам Калам, Мохамед Родзали Якоб нар оролцлоо. Мөн МХБХ-ны Шүүгчийн Хорооны дарга Б.Гантиг хүрэлцэн ирж шүүгч нарт амжилт хүслээ.
АХБХ-ны футзалын элит шүүгч, АХБХ-ны шүүгчийн сургагч багшийн гэрчилгээтэй Р.Жаргалсайхан энэ удаагийн сургалтыг удирдан явуулж байгаараа онцлогтой болж байна. Анх удаа Монгол шүүгч АХБХ-ны мэргэжилтнүүдийн заавартайгаар дотоодын шүүгчиддээ ОУХБХ-ны шүүгчийн сургалтыг зааж байгаа нь цаашид нээгдэх олон боломжийн эхлэл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.
Энэхүү сургалтаар МХБХ-ны шүүгчдээс онол, практикийн шалгалт авах ба үүний дүнд шүүгчдийн зэргийг шинэчлэн олгох аж. ОУХБХ-ны Азийн шүүгчийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Мохамед Родзали Якоб МХБХ-ны шүүгчдийн хэлтсийн үйл ажиллагаа, ирээдүйн төлөвлөгөөтэй танилцаж, заавар зөвлөгөө өгч буйг дурдах нь зүйтэй биз ээ.
Сургалт зохион байгуулж буй сургагч багш нарт болон оролцогч шүүгчиддээ амжилт хүсье.