Аргентины шигшээ Хорваттай тулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-21

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөө шөнө 02:00 цагаас Аргентин болон Хорватын шигшээ багийн тоглолт болно. Аргентины хувьд эхний тоглолтдоо Исландтай хийж, тэнцсэн. Тэгвэл Хорватын шигшээ баг Негирийг 2:0-ээр хожсон билээ.

Тиймээс Аргентин өнөө шөнийн тоглолтоос заавал оноо авах шаардлагатай.  Хоёр баг сүүлд хоёр удаа учраа тарахад Аргентин илүүрхсэн. 1998 оны зургадугаар сарын 26-нд учраа таарахад Аргентин 1:0-ээр хожсон. Харин 2014 оны арваннэгдүгээр сард тоглоход 2:1-ээр мөн л Аргентин хожжээ.

Хоёр багтай холбоотой зарим статистик

 

Аргентин

-Аргентин болон Хорватын шигшээ түүхэндээ тав дахь удаагаа тулах гэж байгаа нь энэ аж. Энэ тоглолтод хоёр баг адил хожил авч, нэгт нь тэнцсэн байна.

-Аргентин болон Хорватын өмнөх 4 тоглолтын нэг нь дэлхийн аваргын “тулаан”.  1998 онд Н хэсэгт хоёр баг багтаж, хоорондоо тулахад Аргентин Маурисио Пенидагийн гоолоор хожсон.

-Месси хоёр удаа Хорватын эсрэг тоглолтод оролцохдоо хоёуланд нь гоолдсон.  Анх 2006 оны гуравдугаар сард Хорватын эсрэг тоглолтод гоолдож байжээ.

-Месси Аргентины шигшээ багт багтаж дэлхийн аваргад оролцохдоо сүүлийн 21 цохилтоо гоол болгож чадаагүй байна. Хамгийн сүүлд 2014 оны зургадугаар сарын 25-нд Нигерийн эсрэг гоол оруулсан.

 

Хорват

-Дэлхийн аваргын түүхэнд Хорват Өмнөд Америкийн багуудтай дөрвөн удаа таарч тоглосон. Түүнээс ердөө ганцхан удаад нь хожиж байсан.

-Хорватын шигшээ сүүлийн таван дэлхийн аваргад бүгдэд нь орж байгаа.

-Ведран Чорлука Хорватын төлөө 99 тоглолтод оролцсон. Хэрвээ өнөөдөр тоглолтод оролцвол Хорватын төлөө 100 тоглолт хийсэн хоёр дахь хөлбөмбөгч болно. Одоогоор Модрич л ийм амжилт үзүүлсэн.