Хөлбөмбөгийн ДАШТ үргэлжилсээр байгаа билээ. Өчигдөр орой Е хэсэгт багтсан Бразилын шигшээ баг хоёр дахь тоглолтоо Коста-Рикагийн эсрэг хийлээ. Эхний тоглолтод Бразил тэнцсэн. Тиймдээ ч тэдэнд хожил ус агаар мэт хэрэгтэй байсан. Харин Коста-Рика эхний тоглолтдоо хожигдсон учир энэ удаад оноо зулгаах шаардлагатай байв.
Гэвч тоглолтын эцсийн мөчид Бразил зангараг зааж, шүүгчийн нэмэлт цагт хоёр гоол оруулснаар өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын 90+1 дэх минутад Коутиньо амин чухал гоолыг оруулсан. Түүний араас 90+7 дахь минутад Неймар гүйцээжээ.
Ингэснээр Бразил 4 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна. Сүүлчийн тоглолтод яаж тоглохоос хамаарч асуудал шийдэгдэнэ. Гурав дахь тоглолтоо Бразил илүү хүчтэй өрсөлдөгч Сербитэй хийх билээ.