"Ливерпүүл" клуб "Атлетико" барсангүй, аваргуудын лигээс мултарлаа

Б.ГАНЗОРИГ
2020-03-12

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Өнгөрсөн жилийн аварга Английн "Ливерпүүл" клуб талбайдаа Испаний "Атлетико Мадрид" клубтэй тоглолоо. Эхний тоглолт Испанид болоход талбайн эзэд 1:0-ээр хожсон билээ. Тэгвэл хариу тоглолтод ч гэсэн "Атлетико" байж болох хамгийн хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь 2:3-аар буулгаж авч, шөвгийн наймд шалгарлаа.

Тоглолтын эхний үеийн 43 дахь минутад Вейналдум гоолдсон бөгөөд үндсэн цаг 1-0 харьцаагаар дуусч, нийлбэр дүнгээр 1-1 харьцаатай болсноор нэмэлт цаг сунгахаар болсон юм. Нэмэлт цагийн 93 дахь минутад Фирмино гоолдож, тооны харьцааг "Ливерпүүл" тэргүүлж эхэлсэн ч хаалгач Адрианы алдааг ашиглаж Льоренете 97 дахь минутад гоолдож, мөн 105 минутад дахин нэг гоолдсноор дубл хийсэн юм. Тоглолтын эцсийн цэгийг Морота 120 дахь минутад гоолдож, "Атлетико" хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:2-оор хожлоо.

Харин нөгөө тоглолт Францын "ПариСен-Жермен" клуб талбайдаа Германы "Боруссиа Дортмунд" клубыг хүлээн авлаа. Өмнөх тоглолтод "ПариСен-Жермен" клуб 1-2 харьцаагаар хожигдоод байсан юм. Тэгвэл хариу тоглолтод талбайн эзэд 2-0 харьцаагаар хожиж, нийлбэр дүнгээр 3-2 харьцаагаар хожиж шөвгийн наймд шалгарлаа.

Тоглолтын эхний гоолыг Неймар 28 дахь минутад гоолдсон бол эцсийн цэгийг Бернат эхний үеийн шүүгчийн нэмэлт цагт гоолдсноор тоглолтыг дуусгажээ.