Уругвай нэгээр гарч, Орос дагалаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-26

Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д болж байгаа билээ. Өчигдрөөс эхлэн хэсгийн гурав дахь тоглолтууд болж, нэг, хоёроор гарах багуудын нэр эцэслэн тодорч эхэллээ. А хэсгээс гарах нь ойлгомжтой болсон Орос болон Уругвайн шигшээ багууд өчигдөр орой хоорондоо туллаа. Аль хожсон нь хэсгээс нэгээр гарах нь тодорхой байсан.

Тэгвэл Уругвайн шигшээ энэ удаа өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авч, А хэсгийг тэргүүллээ. Оросын хувьд Головин, Жирков тэргүүтэй гол гол тоглогчдоо амраасан. Харин Уругвай бүх хүчээрээ дайрлаа. Тиймдээ ч өрсөлдөгчөө хожиж, 9 оноотойгоор хэсгээ тэргүүлэв. Оросын хамгаалагч Смольниковын 36 дахь минутад авсан улаан хуудас ч бас нөлөөлсөн. 

Энэ удаагийн тоглолтын 10 дахь минутад Суарез гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 23 дахь минутад Оросын баатар болоод байсан Черышев өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан юм. Улмаар Кавани 90 дэх минутад гүйцээжээ.