Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд эхнээсээ дуусч байгаа билээ. Өнгөрсөн шөнө В хэсгийн шийдвэрлэх гуравдугаар тойргийн тоглолтууд боллоо. Тэгвэл Испанийн шигшээ баг хэсгийн гурав дахь тоглолтоо Мароккотай хийж, эцсийн мөчид арай гэж тэнцсэнээр хасагдах шатанд шалгарах болзлоо хангасан юм.
Тоглолтын 14 дэх минутад Мароккогоос Бутаиб гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 19 дэх минутад Иско тэнцүүлжээ. Гэвч 81 дэх минутад Эн-Несири гоолдож, Испанийн шигшээг хүнд байдалд оруулсан. Харин “Ялагдашгүй армада”-чууд барьц алдалгүй, 90 дэх минутад Яго Аспас тэнцүүлснээр багтаа хэрэгтэй нэг оноог авчирсан юм.
Ийнхүү Испани хэсэгтээ 5 оноотой болж, гоолын зөрүүгээр нэгээр гарч байгаа юм. Харин Марокко нэр төрийн нэг оноотой болж, нутаг буцлаа.