Малайзын Куала Лумпур хотноо өчигдөр 2020 онд Токиод болох зуны Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрлийн эхний шатны сугалаа боллоо. Азийн бүсийн эхний шатанд нийт 18 баг 4 хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр болсны нэг нь манай улсын баг юм.
Монгол улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг түүхэндээ анх удаа Олимпийн наадамд өрсөлдөх гэж буй нь энэ бөгөөд "А" хэсэгт Тайвань, Филиппин, Сингапур, Тажикистаны багуудтай багтсан байна.
Эхний шатны тоглолтууд энэ оны 11-р сарын 4-13 өдрүүдэд болох бөгөөд хэсэг тус бүрээс эхний 2 байр эзэлсэн болон 3-р байранд орсон хамгийн сайн үзүүлэлттэй 2 баг 2-р шатанд үлдэх юм. Нэгдүгээр шатны тоглолт болох газрууд одоогоор тодорхойгүй байна. Харин 2-р шатны тоглолтууд ирэх оны 4-р сард болно.