Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид тангараг өргөв

O.Admin
2022-07-23

“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын тангараг өргөх хүндэтгэлийн ёслол өнөөдөр боллоо. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттай зохион байгуулж, спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин буюу нийт 234 хүнийг шалгаруулаад буй.

Тангараг өргөх ёслолын үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Парис-2024” зуны олимпын Үндэсний шигшээ багийн ахлагчаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллаж байгаа. Үндэсний шигшээ багийн түүхэнд анх удаа тангараг өргөх ёслолыг Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгууллаа. Тамирчид бэлтгэлдээ орсон, эрх авах тэмцээнүүд үе шаттай зохион байгуулагдаж байна. Нийслэл удирдлагуудын хувьд Засгийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Үндэсний шигшээ багийн тамирчдыг бүх талаар дэмжин ажиллах болно” хэмээв.

Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Т.Тулга  “Тангараг өргөж байхад олимпын дэвжээнд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулахыг маш их хүслээ. Тангараг өргөнө гэдэг бол тамирчдын хувьд хамгийн чухал зүйл. Улс, эх орондоо тангараг өргөсөн тамирчин дэлхийн дэвжээнд хичээл зүтгэл гаргаж, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх учиртай” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Үндэсний шигшээ багийн тамирчдыг төлөөлж

  • Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн
  • Боксын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Намуун
  • Пара пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн тамирчин, хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ
  • Пара байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчин, Спортын мастер Д.Сэлэнгээ

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг төлөөлж

  • Боксын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү
  • Байт харвааны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг
  • Таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Лхагвадорж
  • Пара жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар тангараг өргөлөө.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР