Харцага Т.Бэгзсүрэн: Оногдуулсан шийтгэлийг хүлээн авахад бэлэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-09-02

Улсын харцага Т.Бэгзсүрэнгээс допинг илэрсэн билээ. Тэрбээр тухайн асуудалд тайлбар өгч, уучлалт хүссэн бөгөөд Б сорьцоо өгөхөөс татгалзжээ. 

Тэрбээр энэ талаар өөрийн нүүр номын хуудсанд бичихдээ "Миний зүгээс санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2021 оны хавар тавдугаар сард баруун тохойндоо хүнд бэртэл авсан. Уг бэртэл нь байнгын сэдэрч төрөл бүриийн эм эмчилгээнүүд хийлгэсээр ирсэн.

2022 оны зургадугаар сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд болсон барилдааны явцад гурвын даваанд барилдаж байх үедээ хөлөндөө гэмтэл авсан. Уг гэмтлийн онош нь гуяны булчингийн уут задарсан гэсэн оноштойгоор хөл хөдлөх боломжгүйгээр долоо хонож түүнээс хойш бага багаар илааршсан.

\Жич: Тухайн үеийн эмчийн зөвлөмж нь улсын наадамд барилдах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан/. Түүхэн ойн наадамдаа барилдах хүсэлдээ хөтлөгдөн хөлний бэртлээ түргэн эдгээх эрчимтэй эмчилгээ хийлгэсэн. Улмаар Ардын хувьсгалын түүхэн 100, 101 жилийн ойн баяр наадмын барилдаанд барилдаж дөрөв давж допингийн шинжилгээнд хамрагдсан. Бэртлийн үед эмчилгээнд хэрэглэсэн эм тариагаа тэмцээний үед буюу 24 цагийн дотор хориотой, тэмцээний бус үед зөвшөөрөгдсөн гэсэн мэдээлэл дор зургадугаар сарын 5-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд хийлгэсэн.

Манай бөхчүүд бэртэл гэмтэл авч эмчилгээ хийлгэх үедээ мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж эм бэлдмэлийн талаар эцсийн сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгож бас бусад бөхчүүддээ дахин сануулмаар байна.

Монгол бөхөд байгаа допингийн эсрэг бүх арга хэмжээнд оролцож, дуу хоолойгоо өргөж, 2021 оны 03 сарын 14-нд болсон харцага цолтой бөхчүүдийн барилдаан дээр харцагуудаа уриалж бусад бөхчүүдэд уриалга болгож тус барилдаанд оролцсон бөхчүүдийн шинжилгээний зардал болох 15 сая төгрөгийг хувийн зүгээс шийдүүлж, шинжилгээ авах нөхцлийг бүрдүүлж байсан.

Миний хувьд олон улсын итгэмжлэгдсэн лаборторийн хариуг үгүйсгэх боломжгүй юм. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шудрага бус өрсөлдөөн бий болгох санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, оногдуулсан шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж, бөхөд хайртай нийт Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна" гэжээ.