Лондоны дербид “Челси” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-19

Английн премьер лигийн 2 дугаар тойргийн эхний тоглолтууд боллоо. Энэ тойрогт Лондоны хүчирхэг багууд болох “Челси” болон “Арсенал”-ын тулаан болсон. Нээлтийн тоглолтдоо төгс гэмээр тоглолтыг үзүүлсэн “Челси” энэ удаад ч муугүй байж, хүчтэй өрсөлдөгчөө 3:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, хүснэгтийн тэргүүнд бичигдэж эхэллээ.

Тоглолтын 9 дэх минутад Педро гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Мората 20 дахь минутад нэгийг нэмж, гоолын цангаагаа тайллаа. Харин “Арсенал”-аас Мхитарян 37 дахь минутад тооны харьцааг ойртуулсан бол Ивоби 41 дэх минутад тэнцүүлсэн юм.  Харин 81 дэх минутад Алонсо хожлын гоол оруулж, “Челси”-д хоёр дахь хожлыг нь авчирлаа.

Энэ тойрогт Лондоны өөр нэг баг болох “Тоттенхэм” клуб доод лигээс гарч ирсэн “Фулхэм”-ийг талбайдаа хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 43 дахь минутад Лукас Моура гоолдож, “Тоттенхэм” тэргүүлж эхэлсэн. Гэвч 52 дахь минутад Митрович тэнцүүлж дөнгөжээ. Харин 74 дэх минутад Триппьер гоолдож, багтаа тэргүүлэл авчирсан. Түүний араас ердөө 3 минутын дараа Харри Кейн энэ улирлын эхний гоолоо орууллаа. Мөн тэрбээр наймдугаар сард гоол оруулдаггүй гэсэн хар үзүүлэлтээ зогсоолоо.

Бусад тоглолтын үр дүн

Эвертон 2-1 Саутгэмптон

Лестер 2-0 Вулверхэмптон

Вест Хэм 1-2 Борнмут