“Белград-2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр 70, 79, 86, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болох бөгөөд манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.
70 кг: Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “U23”-ын Азийн аварга ОУХМ Э.Тэмүүлэн чангахан сугалаа татжээ. Тэрбээр тэгшитгэлд энэ жил Италид болсон чансааны оноо олгох тэмцээнд түрүүлсэн Азербайжаны Жошгун Азимовтой барилдахаар болов. Түүнийг ялсан тохиолдолд ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Гүржийн Зураби Якобишвилитэй учраа таарна.
79 кг: Энэ жилийн улсын аваргад түрүүлж Белградад зорих эрхээ авсан, спортын мастер А.Дөлгөөн 1/16-д Конгогийн Энди Кабейя Мукенди барилдана. Түүнийг ялбал шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Румыний Якуб Шихжамалов, Ираны Мохаммад Ноходи нарын ялсантай хүч үзэх юм.
86 кг: залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Бат-Эрдэнэ 1/16-д Молдавын Иван Ичизлитэй оноолт таарав. Түүнийг ялбал шөвгийн 16-д манай бөхийг олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн 3 удаагийн аварга, Ираны алдарт бөх Хасан Яздани Черати хүлээж байна.
125 кг: “U23” болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл дэлхийн чансааны 4 дүгээр байрт байгаа тул эхлээд гоц мөргөж 1/8 шигшээд Сербийн дагестан легионер Магомедгажи Нурасулов, 2019 онды Нур-Султаны дэлхийн аваргад хүрэл зүүсэн ч дараа нь допингийн улмаас медалиа хураалгасан Узбекистаны Хасанбой Рахимов нарын ялсантай барилдана. Энэ давааг давбал шөвгийн наймд Казахстаны Олег Болтинтэй, хагас шигшээд гүрж эр Гено Петриашвилитэй таарах магадлалтай.